© XOT.MN 2011-2020
11-р сарын 27, Баасан
Улаанбаатар хот
Улаанбаатар

МОНГОЛЧУУД ӨЛСӨЖ ҮЗЭЭГҮЙ. ХАРИН ТҮГЖИРЧ, 0 ЗОГСОЛТ ХИЙЖ ҮЗЛЭЭ

Гэрийн хажуу талын зам дээрээ гэрээ харсаар нэг цаг өнгөрүүлэх нь Улаанбаатарт байдаг хэвийн үзэгдэл болжээ. Бороо, цас ороход зам дээр бүр 0 зогсолт хийнэ. Түгжрэлд хүртэл ингэтлээ хүлцэнгүй болсон ёстой л дасан зохицох чадвар хамгийн сайтай, ямар ч гамшигт тэсэж үлдэж чадах ард түмэн юм даа.

Нэг талдаа арга ч үгүй биз. Түгжрэл гэх ойлголтыг онолоор биш жинхэнэ практикт 10 жил туршиж байгаа ард түмэн шүү дээ. Энэ олон жил хамгийн муу нөхцөлөөр(Worst case scenario) туршиж буй түгжрэлийн судалгаандаа бүгдээрээ цэг тавих цаг болжээ. 

Өөрсдөө туршилт болж буй судалгааныхаа зарим үр дүнтэй товч бөгөөд тодорхой танилцъя.

  • (Цаг хугацаа) Иргэн Бат өдөрт 1 цагийг түгжрэлд зарцуулдаг бол жилийн 15 өдөр. Монгол хүн дунджаар 65 наслахад түүнээс 2.5 жилийг нь зам дээр үрж байна гэсэн үг. Бүхэл бүтэн 2 жил хагас. 
     
  • (Эрүүл мэнд) Нийслэлийн утааны 20 хувийг автомашин бий болгодог бөгөөд хүүхдийн амьсгалын орчинд хамгийн их нөлөөлдөг. Түүнээс гадна зам дээрх уур бухимдал ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй.
     
  • (Эдийн засаг) Монгол улсыг өрхөөр төсөөлье. Жил бүр тодорхой орлого олж, баялаг бүтээдэг. Бүтээсэн баялгийнхаа 3 хувьтай тэнцэх хохирол замын түгжрэлээс үүсдэг. 70 саяын дундаж үнэтэй 14 мянган айлын орон сууц зам дээр тэгшилж байна л гэсэн үг.
     
  • (Бүтээмж) Энэ талаар хийгдсэн нарийн судалгаа Монголд байдаггүй. Гэхдээ олон улсад түгжрэл ба бүтээмжийн хамаарлыг их судалжээ. Замын түгжрэлд 1-2 цаг түгжирсэн ядарсан аав, ээж, охин, хүү хэзээ нь даалгавраа хийж, хэзээ нь өөрийгөө хөгжүүлэх вэ? Өөрөөр хэлбэл, түгжрэл нь хүүхдийн сургалтын дүн, том хүний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.

Туршилтын явцын статистик нэг ийм. Бид хангалттай хор уршигтайг нь ойлгосон, ухаарсан. Бүр захын жолооч замын түгжрэлийн шийдэлтэй л явж байгаа. Гэсэн хэдий ч яагаад бид түгжрэлийн эсрэг ШИЙДЭЛ, САНААЧИЛГА, ҮЙЛДЭЛ хийхгүй байна вэ?

Магадгүй бид өөрсдөө ТАРХИНЫ ТҮГЖРЭЛ-д орсон байх

Бид хэлж, ярьдаг шигээ өөрсдөө үлгэрлэж чаддаггүй. Наад зах нь жолоо барихад уур уцаар, Монгол омогшил, баян ядуу, бяртай чадалтай эсэх ямар ч хамаагүй шүү дээ. Энэ бол дүрэм, журам түүнчлэн үүрэг, хариуцлагын асуудал билээ. Хэрвээ бид өөрсдөөсөө л эхлэхгүй бол, үлгэрлэн байж бусдыгаа ичээхгүй л бол хэчнээн мянган “ДУРААРАА БУС ДҮРМЭЭРЭЭ” шиг санаачилга амжилт олохгүй.

Түгжрэл байна л гэж бухимдахаас түгжрэл багасгах төр засаг, хариуцсан байгууллагад нь чиглэсэн шаардлага тавьдаггүй. Нийслэлд л түгжрэл бий. Тиймээс нийслэлийн асуудал гэдгийг нь бүгд мэддэг. Гэхдээ яг замын хөдөлгөөнтэй холбоотой харьяа байгууллага, түүнийг хэн хариуцдагийг нь захын хүнээс асуухад барагтаа мэдэхгүй. Үнэндээ иргэний нийгэмд бид нийгмийн ийм том асуудлыг хариуцсан газраа мэдэх ёстой. Мэдээд ажлаа хийхийг нь шахаж, шаардах ёстой. (Та цаг, зав гаргаад хайгаад нэг үзээрэй. Тэд өрөөндөө өдөржин юу хийгээд сууж байдаг бол гээд бодоод үзээрэй.)

Үнэгүй болгоно, өгнө, өсгөнө гэх сонголт хийхгүй байцгаая. Ялангуяа орон нутгийн сонгууль бол хэнд энэ хариуцлагыг үүрүүлэх вэ гэдгийг сонгох тухай юм. Одоо бидэнд иргэдээс авах саналаа алдчих вий гэсэн дээ нийгмийн ужиг асуудлаас зугтдаг улс төрч биш цогц шийдэл, зоримог шийдвэрлэдэг нэгэн нь л хэрэгтэй. 

Бид бүгд түгжрэл, түүнийг хэрхэн шийдэхийг 10 жил ярилцлаа. Одоо ядаж энэ асуудлынхаа хүрээнд нэг шат ахицгаая. Бидний дундаа эзэмшдэг олон нийгмийн барааг хариуцдаг төрөөс нь ҮЙЛДЭЛ хийхийг шаардацгаая.
 
Эх сурвалж: Г.Батзориг эдийн засагч, Шинжээч 
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..