4-р сарын 27, Бямба
УЛААНБААТАР 7°C

Л.Гантөмөр: Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй

XOT.mn
2023/12/14 / Улс төр
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсголын өчигдрийн /2023.12.05/ хуралдаанд сонсгол даргалагч Б.Энхбаяр “Ардчилсан намын МҮДН фракцын гишүүд "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог гэх баримтыг танилцуулсан.

“Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчид нь Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан гишүүд болоод хамаарал бүхий этгээдүүд нь байсан юм. Үүнд,

  • Б.Нарангоо УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхны охин
  • Л.Шинэцэцэг УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин
  • Б.Жаргалан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин
  • Азбаяр УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү
  • А.Туул УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн эхнэр
  • УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
  • УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат

Харин эл мэдээллийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр няцаалаа.  Тэрбээр  “Нүүрсний сонсгол болж байна. Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэднэ. 5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр Хятадын хил дээр бүртгэлүүд аваад гарсан. Энэний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15, 16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор Ардчилсан намыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулдаг ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна. Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байлаа, МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя. Одоо ч гишүүд клуб байгуулж ажилладаг. Тэрэн шиг клуб байгуулъя, клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё гээд тухайн үед аж ахуй нэгж байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гарсан. Бусад нөхдүүд клуб байгуулсан нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр компани хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм миний хувьд мэдэхзүйл байхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас  хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани лиценз аваад, бизнес хийгээд явсан гэж би мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй.

Би 15 жилийн өмнө МҮДН фракцаас гараад явсан. Яагаад гарсан бэ гэхээр залуучуудад боломж олгоё, Монголын улс төрд шинэ үе солъё гээд  “Нэг ардчилал” клуб байгуулаад явсан түүх байгаа.

Юм болгон дээр Л.Гантөмөрийн эхнэр рүү, Л.Гантөмөрийн хүүхэд рүү дайрдаг довтолдог, гүтгэдэг, доромжилдог энэ ажил явна. Ардын нам энийг системтэйгээр, зохион байгуулалттайгаар хийх юм билээ.

Тэгэхдээ Ардын намынхан та нарт хандаад хэлэхэд ичмээр байна шүү. Улс төрийн бодлоготнууд юм бол бодох хэрэгтэй байна шүү. Та нарт ч гэсэн гэр бүл, үр хүүхэд бий шүү. Бид гэр бүл үр хүүхэд гэдэг нандин зүйлээ улс төрийн хэрүүлтэй холиод явах юм бол Монголын ирээдүй байхгүй. Та нар жаахан ичих хэрэгтэй. Залуу хүмүүс байж магадгүй, Алдахыг чинь үгүйсгэхгүй байна.  Би ч ялгаагүй тухайн үед 35 настай байж. 35, 40-тэй залуучууд алддаг. Тэгэхдээ ийм муухай юм руу битгий ороорой. Юм л бол эхнэрээр нь оролддог, юм л бол үр хүүхдээр нь оролдох нь  буруу.  Би 12 жил УИХ-ын гишүүнээр ажилласан. Би УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа лиценз аваагүй, газар аваагүй. Та нарын хийгээд байгаа шиг дээрэм тонуул руу ороогүй. Тийм учраас бүгдийг өөрсөдтэйгээ адилхан юм шигээр харлуулж бтигий бод. Надад алдаа, оноо байгаа. Алдаагаа засч байж л амжилтад хүрдэг. Надад алдаа оноо байгаа ч гэсэн надад хайртай гэр бүл бий. Та нарт ч хайртай гэр бүл байгаа. Миний туулсан 35, 40-тэй амьдралыг та нар туулна. Зүгээр өрсөлд. Бодлого яриад сонгуульд  өрсөлд л дөө. Ичдэггүй юм уу.  Та нарыг хэний мөнгөөр яаж сонгууль хийснийг монголчууд бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Улаанбатаар хотод Ардын намын нэрээр нэр дэвшсэн хүмүүст хэн мөнгө өгснийг бүгд мэдэж байгаа. Жаахан ухамсартай бай” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан