© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Улс төр

Д.Баттулга: Өнөө цагийн нэн шинэ түүхийн томоохон хэлмэгдүүлэлт гэж харж байна

NEWS.MN  Нийслэлийн Ардчилсан намын дарга, Хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Баттулгатай цөөн хором ярилцлаа.  

-Ардчиллын анхдагчдын нэг, Хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс ял оноолоо. Ардчилсан намын зүгээс ч үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Та энэ асуудлыг юу гэж харж, дүгнэж байна вэ?

-Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж үг байдаг. Монгол төрийн төлөө, тусгаар тогтнолын төлөө олон эрчүүд тэмцэж байсан. Тэр эрчүүдээ Монголын төр хэлмэгдүүлж ирсэн. Өнөөдөр Монголын ардчиллын алтан хараацай, Ардчилсан холбоог үндэслэгч, Ардчилсан намыг үндэслэгч бөгөөд анхны дарга, Улсын Баатар Э.Бат-Үүлд шүүхээс ял өгч байгаа нь өнөө цагийн нэн  шинэ түүхийн томоохон хэлмэгдүүлэлт гэж харж байна. Улаанбаатар хотын төлөө, хөгжлийн төлөө, хот болгохын төлөө, Улаанбаатар хотод шинэ стандарт бий болгохын төлөө Э.Бат-Үүл яаж зүтгэж, сэтгэлээ чилээж явсныг хажуугаас нь харж, хамтарч ажиллаж явсан хүний хувьд би сайн мэднэ.

-Э.Бат-Үүлийг Хотын дарга байхдаа албан тушаалаа ашиглаж, хүүхдийнхээ  компанид давуу байдал үүсгэсэн гэж буруутгасан байна лээ?

-Э.Бат-Үүлийг Хотын дарга байхдаа албан тушаалаа ашиглан хүүхдэдээ давуу байдал олгосон гэж буруутгаж байна. Би өмнө нь ч, шүүх хурал дээр ч хэлж байсан зүйлээ дахин давтаж хэлмээр байна. Э.Бат-Үүл хүүдээ төсөл авч өгөөгүй, тус компанийн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Тэр төслийг төслийн Удирдах хорооны шийдвэрээр сонгон шалгаруулсан юм. Тэр хороог нь удидаж байсан хүн нь би.

-Сүүлийн үед үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст хариуцлага тооцох, ял өгөх, эрх чөлөөг нь хязгаарлах үйлдэл их гарах боллоо. Үүнийг иргэд ардчилал руу халдах гэсэн оролдлого гэж шүүмжлээд байна?

-Ардчилал руу халдаж байна, оролдлого биш. Тиймээс нийтээрээ тэмцэх ёстой л гэж бодож байна. Ардчилсан нам Засгийн эрх барихдаа хэзээ ч өнгөрснийг сөхөлгүй, урагшаа харж улсаа, хотоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Ард түмэн мэднэ. Ардын нам гараад ирэхээрээ бүх зүйлийг зогсоодог, тэгсэн мөртлөө өс хонзон санасан юм шиг АН-ын хийж, бүтээснийг ухаж, төнхөөд эхэлдэг. Үүний тод жишээ нь Улсын баатар Э.Бат-Үүлийн асуудал.

-АН-ын гишүүд өчигдрөөс эхлээд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн байна. Та намын гишүүддээ, журмын нөхөддөө хандаж юу хэлмээр байна?

-Э.Бат-Үүл маань сүүлийн нэг жил Ардчилсан намынхаа төлөө маш их сэтгэл зовниж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Сая шүүхээс ял аваад ачигдахдаа “Намаа нэгтгээрэй” гэж хэлсэн. Үүнийг намын залуучууддаа, ахмаддууддаа, удирдлагууддаа ч хэлсэн. Ардчиллын төлөө сэтгэлээ чилээдэг бүх хүнд хандаж хэлсэн байх, Үүл маань. Тиймээс ойрын хугацаанд  бүгдээрээ Ардчилсан намаа нэгтгэе. Өнөөдрийн энэ хагарал, бүх зүйлээ хойш тавья. Ингэж нэгдэж чадвал бид Э.Бат-Үүлийнхээ санаа зорилгыг биелүүлэхээс гадна түүнийг хорьсон эрх баригчдад маш том хариу болно гэж хэлмээр байна.

Ш.ЧИМЭГ

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..