© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Үйл явдал

Яруу найрагч Эмүжин: Хүний эрх хүрз шорооны үнэгүй...

Залуусынхаа үг хэлэх эрхээр замын шороо арчиж байгаа Ерөнхий сайдтан шүү дээ. Хамгийн залуу, тэгснээ хамгийн ардчилсан оронд суралцсан гээд байгаа юм даа. Монголчууд Оюун-Эрдэнэ гэдэг нялх дарангуйлагчийг хүний эрх зөрчихөд сургаж, иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг хасахад дадлагажуулсан Харвардын хэлний хэдэн сарын курсын багш нарыг олон улсын шүүхэд өгвөл таарна. Иргэн Г. Ганбатад гурван постноос нь болоод гурван хэрэг үүсгэсэн. Энэ залуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ алдаж, торгуулж, байцаагдаж, хохирч, гэр оронд нь нэгжлэг орж, толгой мэнд яваа нь л их юм болоод удаж байгаа. Нийслэлийн цагдаагийн газрын байшингийн өрөө болгонд залуус Зөрчлийн хуулиар өдөр бүр байцаагдаж, толгой бөхийж, тоотой үг үсгийн төлөө хэрэг үүрч байдаг болсон. Комидиан Амараа 60 хүн цуглуулж хэдэн үг хэлснийхээ төлөө 500 мянгаар торгуулсан, одоо ч эрсдэл үүрсээр л явна. Гэтэл манай энхрий хайрт Ерөнхий сайд хэдэн мянган хүн цуглуулж цахим шоу хийчихээд магтуулах гээд маадайгаад өнгөрсөн. Иргэн Монголхүү, Одбаяр нар төв талбайд түмнээ төлөөлөн үг хэлснийхээ төлөө Оюун-Эрдэнийн гомдлоор эрх чөлөөгөө хасуулж, сар орчим хоригдсон. Энэ мэтээр жагсаагаад байвал ардчиллын гэх сүүлийн 30 жилд хүний эрхийг хүрз шорооноос хямд, үг хэлэх эрхийг үүдээр гаргаж шидсэн хамгийн нялх, хамгийн халгаатай дарангуйлагчийг МАН төрүүлчихлээ. Ямар нэгэн аргаар үг хэлсэн болгоны хүсэл тэмүүллийг нухчин дарж, үзэл бодлоо илэрхийлсэн бүхний сэтгэл зоригийг үгүй хийж өнөөг хүрлээ. Арилжиж авахыг нь аваад, айлган сүрдүүлэхийг нь сүрдүүлээд, хиймэл ардчиллын хил хязгаарыг шинээр тогтоолоо. Тэгээд үүнийгээ ардчилал гэж нэрлээд, одоо өөрсдөө гол дүрд нь тоглоно гэнэ ээ. Энэ залуус эрх баригчдын хэт ялгаатай хандлага, хэт шунахай сэдэл, хэт дээрмийн хулгайг илчилсэн. Тэднийг барьж хорьж, балбаж торгосноороо "Бид ямар ч хяналтгүй гахайлмаар байна" гэж үнэн хэрэгтээ үйлдлээрээ тунхагласан шүү дээ. Гэвч энэ нь хангалтгүй, үмхий үнэртсэн ялзралаа үнэт торгоор өнгөлмөөр байна гэнэ ээ. Үүний тулд МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхээр шоудна. Бүр юу гээч? Тайз засч байгаад тансаг жүжиг тавина. Хүний эрхийн тухай гүүгл үүсээгүй байхад би гүүглдээд уншиж байлаа гэж гялгар индэр дээрээс гахайн төрхөөр янцаглана. Бусад нь даган баясаж, дарцаглан хөөрч, алгаа хорстол ташиж, амаа хаттал магтана. Ингэхэд байна аа, гахайг гахайлж байхад тахиа донгодож болохгүй гэдэг чинь АМЬТНЫ ФЕРМИЙН дүрэм шүү дээ...залуусаа хорьж, замаа хааж, гэгээвчээ битүүлж, гэгээн үеэ шоронд хатааж, үг хэлдэг болгоныг есөн эрүүдэж, үүдэнд хашгирдаг бүхнийг банздаж, улсаа хааж, уухайгаа хадааж байгаад ард түмнээ айлган дээрэмдэхийг яг юу гэх вэ? Оюун-Эрдэнэ, Нямбаатар хоёр хаанахын колони улсыг 21 дүгээр зуунд байгуулж байгаагаа шулуухан зарлачихмаар юм даа.
Эх сурвалж: https://www.facebook.com/553678738053852/photos/a.563222923766100/4560725197349166/
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..