© XOT.MN 2011-2022
1-р сарын 24, Даваа
Улаанбаатар хот
Эрүүл мэнд

Ө.Мөнхтулга: Түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх хэт авиан скрининг оношилгоог Азид ганц манай улс хийж байгаа

Монгол Улс нь нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх хэт авиан скрининг оношилгоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн Азийн анхны улс юм. Энэхүү хэт авиан скрининг оношилгоог хийж эхэлснээр түнхний дутуу хөгжил болон мултралыг эрт үед нь илрүүлж, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэд цөөрөхөд маш том нөлөө үзүүлж байгаа юм.Дутуу хөгжлийг эрт илрүүлэх хэт авиан скрининг оношилгоо манай улсад хэрхэн нутагшсан талаар болон түнхний дутуу хөгжлийн хэлбэр, эмчилгээ, асаргааны талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ө.Мөнхтулгатай ярилцлаа.

4000 гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чадсан

-Монгол Улс нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх хэт авиан скрининг оношилгоог Азидаа анх удаа хийж, энэ салбарт нэг алхмаар түрүүлж гишгэлээ. Гэхдээ энэ бүхнийг Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн “SMOPP” төслийн тусламжтайгаар хийсэн гэж ойлгосон. Энэ төслийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Швейцарийн холбооны улс түнхний дутуу хөгжлийн хэт авиан оношилгоо, мултралаас сэргийлэх эмчилгээг 1987 оноос эхлэн, 30 илүү жил амжилттай хэрэгжүүлсэн ба түнхний дутуу хөгжлөөс үүдэлтэй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг устгаж чадсан арвин их туршлагатай. Энэ туршлага дээр тулгуурлан, 2007 оноос анх хоёр эмчийн санаачлагаар Монгол, Швейцарийн эмч нар хамтран түнхний дутуу хөгжлийн скрининг оношилгоо, эмчилгээг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж эхэлсэн. "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" (Swiss Mongolian Pediatric Project-SMOPP) нь анх бие даасан жижиг төсөл байсан бол өнөөгийн байдлаар олон улсын хүмүүнлэгийн тусламжийн төсөл болж өргөжсөн.

“SMOPP” төсөл нь хувь хүмүүсийн хандив, сангаар дамжуулан санхүүжиж, 15 гаруй жилийн туршид Монгол Улсын хэмжээнд төрөх чиглэлээр ажилладаг улсын бүх эмнэлгийг түнхний хэт авиан скрининг оношилгоог гүйцэтгэхэд шаардлагатай хэт авиан аппарат ба бусад тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарыг түнхний хэт авиан оношилгооны аргачлалд сургасан. “SMOPP” төсөлд Монголын ба Швейцарийн эмч нар ямар нэгэн үнэ хөлсгүйгээр ажилладаг.

Жил бүр Монгол-Швейцарийн хамтарсан 1-2 баг нийслэл, орон нутгаар ажиллан, эмч нарт зориулсан анхан шатны ба давтан ажлын байрны сургалтыг зохион байгуулж, хамтарсан үзлэг, оношилгоо хийдэг. 24/7 oнлайнд суурилсан "HipScreen" програм хангамжийн тусламжтайгаар мэдээллийг тогтмол солилцон, онош, эмчилгээний чанарыг интернэтэд суурилж хянаж, сургалт, зөвлөгөө өгч ажилладаг.

-Азид манай улс л ганц энэ хэт авиан скрининг оношилгоог хийж байгаа гэсэн. Одоо бусад улс нэмэгдэж байна уу?

-Тийм ээ. манай улс үндэсний хэмжээнд төрсөн нярай бүрийнхээ түнхийг төрөнгүүт амаржих газарт хэт авиагаар оношилж байгаа Азийн ганц орон төдийгүй зүүн Европын орнуудаас мөн анхдагч нь болж чадсан. Анх 1980-аад онд Австрийн ортопед эмч, профессор Р.Граф энэ аргыг анагаах ухаанд анх нэвтрүүлснээр Австри, Швейцарь, Герман зэрэг барууны өндөр хөгжилтэй улс орон үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгаа. Манай улсын туршлага нь хэт авиан скрининг оношилгоогоор түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлж, мэс заслын бус аргаар эмчилснээр нярайн түнхний дутуу хөгжлийг ямар нэгэн эрсдэлгүй, эдийн засгийн үр ашигтайгаар, чанарын маш өндөр түвшинд эмчилж болохыг олон улсад батлан харуулсаар байгаа.

Энэ нь орчин үеийн анагаахын өндөр шаардлагад нийцсэн хэт авиан скрининг оношилгооны ололт амжилтыг зөвхөн өндөр хөгжсөн орнуудын хүүхдүүд төдийгүй, хүний нөөц, санхүү хязгаарлагдмал хөгжиж буй орнуудын хүүхдүүд ч мөн хүртэх боломжтойг харуулсан. Төрсний дараах долоо хоногт төрсөн бүх нярайг түнхний хэт авиан скрининг оношилгоонд хамруулсан тохиолдолд түнхний дутуу хөгжлийн оношилгоо, эмчилгээнд шаардагдах зардлыг долоо дахин бууруулах боломжтой байгаа нь зөвхөн хөгжиж буй орнуудад төдийгүй хөгжсөн орнуудад ч мөн зардлын хэмнэлттэй арга болж байна.

“SMOPP” төслийн хүрээнд хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажил нь зөвхөн түнхний дутуу хөгжлийн скрининг оношилгооны талаарх өнөөгийн мэдлэгийг баяжуулсан төдийгүй, оношилгоо, эмчилгээний арга, аргачлалыг хялбаршуулахад гол үүрэг гүйцэтгэж, энэ бүх үр дүн нь түнхний дутуу хөгжлийн талаарх олон улсын хэлэлцүүлэгт шинэ түлхэц өгсөөр байгаа.

Түнхний хэт авиан оношилгоо нь өндөр хөгжсөн орнуудад хэдийнээ “алтан стандарт” хэмээн хүлээн зөвшөөрсөн бол сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудад ач холбогдол нь өсөн нэмэгдсээр байна. Энэ бүхэн нь бусад улс орнууд энэхүү скринингийг хэрэгжүүлж эхлэхэд ихээхэн сэдэл өгч байгаа гэж найдаж байна.

-Түнхний эхо оношилгоог хийдэг болсноор ямар үр дүн гарч эхэлсэн бэ. Ач холбогдлыг нь дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Түнхний дутуу хөгжлийг хожимдож оношилсон тохиолдолд бүрэн төгс эмчлэх боломжгүйгээс, хүүхэд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж, улмаар гэр бүл, нийгмийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхийн тулд нэн тэргүүнд авах арга хэмжээ нь аль болох эрт буюу амаржих газарт, нярайн эрт үед эрт илрүүлж, оношлох явдал юм. Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа оношилгоог 2007 оноос Монгол Улсад эхлүүлснээр өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийт 300 мянга гаруй шинээр төрсөн нярайг хамруулж, 4000 гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чадсан амжилттай байна.

Бидний судалгаагаар Монголд төрсөн хүүхдийн 1-2 хувь нь түнхний дутуу хөгжилтэй төрдөг. Хэрэв жилд 80 мянга орчим хүүхэд төрдөг гэж үзвэл тухайн жилдээ 1000-1600 орчим нярай түнхний дутуу хөгжилтэй хүүхэд төрөх магадлалтай. Нярайн түнхний дутуу хөгжлийн скрининг оношилгоог төрөх тусламж үзүүлж байгаа бүх эмнэлгүүдэд мөрдөж, чанартай гүйцэтгэснээр эрт илрүүлэлт, эмчилгээний тусламжтайгаар жилд 990-1590 орчим тохиолдлыг амьдралын эхний долоо хоногуудад маш энгийн, мэс заслын бус аргаар сойлт ашиглан эмчилж, 100 хувь эдгээх боломжтой. Ингэснээр Монгол Улс өндөр хөгжсөн улс орны нэгэн адил түнхний дутуу хөгжлөөс үүдэлтэй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг устгах боломжтой болох юм.

-Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төслийн ачаар анагаахын нэг салбарт урьдаад алхаж байна. Гаднын байгууллагын тусламжтайгаар гэсэн үг. Харин Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс энэ чиглэлд ямар дэмжлэг үзүүлсэн юм бэ?

-Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд нярайн скринингийг анхнаас нь дэмжиж ирсэн. Цаашдаа ч үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд 2014 онд “Нярайн скрининг шинжилгээний хөтөлбөр”-ийг баталж, 2017 онд Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-т шинээр төрсөн нярай бүрийг дөрвөн төрлийн скрининг оношилгоонд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны скрининг) үе шаттайгаар хамруулахаар заасан хэдий ч өнөөдрийг хүртэл олон улсын төслийн тусламжтай хэрэгжүүлж байна.

“SMOPP” төслийн хувьд Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Нярайн түнхний хэт авиан скрининг”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. 2020 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Нярайн түнхний хэт авиан скрининг, оношилгоо эмчилгээний эмнэлзүйн заавар”-ыг баталж, улсын хэмжээнд мөрдөн, ажиллаж байгаа нь түнхний хэт авиан скрининг оношилгоог манай улсын хаана ч төрсөн нярай бүр ижил чанартай оношилгоо, эмчилгээ авах боломжтой болгож байгаа юм. 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс”-ийг Эрүүл мэндийн яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан ба анхдугаар конгресст дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн, эцэг эхийн төлөөлөл, Монгол дахь Олон улсын байгууллагын төлөөлөл, хамтын ажиллагаатай улс орны зочид зэрэг нийт 400 гаруй төлөөлөгчид оролцож, скринингийн өнөөгийн байдал ба цаашдын зорилтын талаар хэлэлцсэн ач холбогдолтой конгресс болсон.

Манай улсын түнхний хэт авиан оношилгоо, эмчилгээний чанар барууны өндөр хөгжилтэй орны түвшинд хийгдэж байгаа гэдгийг бид бардам хэлнэ

-Түнхний эхо оношилгоо Монголд нутагшсан гэж ойлгож болох нь. Эмч, мэргэжилтнүүдээ хэдий хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

-Оношилгооны бусад аргуудаас ялгаатай нь түнхний хэт авиан оношилгооны арга нь стандартчлагдсан, гүйцэтгэхэд хялбар, эмчийн практик туршлагаас үл хамаарах ба түнхний дутуу хөгжлийн зэргийг нүдээр харан, ялган оношлох боломж олгодгоороо давуу талтай. Түнхний хэт авиан оношилгоог зөвхөн түнхний хэт авиан үзлэг хийх эрхийн сертификаттай, онол ба дадлагын зохих сургалтад хамрагдаж, зохих шалгалтыг давсан эмч, мэргэжилтэн оношийн чанарын хяналтын дор гүйцэтгэх ёстой байдаг. Эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд онош буруу тавигдах аюултай. Алдаатай онош нь буруу эмчилгээнд хөтөлж, шаардлагагүй эмчилгээ, цаашлаад хөгжлийн бэрхшээлд хүргэх аюултай. Иймд бид сургалтад маш их ач холбогдол өгдөг. Сургалтыг зөвхөн багшлах эрх авсан зөвлөх багш нар удирдан явуулах эрхтэй байдаг бөгөөд, энэхүү багшлах эрхийг олон улсын эрх бүхий байгууллагаас тодорхой шалгуур хангасан тохиолдолд олгодог.

“SMOPP” төсөл анх эхэлсэн цагаасаа хүүхэд, нярайн эмч нарыг сургахад анхаарсан. Учир нь эдгээр мэргэжлийн эмч нар амаржих газарт төрсөн нярай бүрд үзлэг, оношилгоо хийхэд хамгийн тохиромжтой эмч нар юм. Хүүхдийн түнхний хэт авиан оношилгоо хийж байгаа эмч нар анхан шатны сургалтад хамрагдсны дараа гүнзгийрүүлсэн шатны сургалтад хамрагдаж, улмаар жил бүр давтан сургалтад хамрагддаг.

Түүнчлэн дээр дурдсан “Hipscreen” оношийн баталгаажилтын системээр дамжуулан байнгын тасралтгүй сургалтад хамрагдах ба телемедицинээр дамжуулан өвчтөний оношилгоо, эмчилгээ зөвлөгөө тогтмол явагддаг. Нэг ёсондоо хэрэв тухайн эмч түнхний хэт авиан оношилгоо хийж байгаа бол насаараа суралцана гэсэн үг юм.

Сургалтад ашиглагдах түнхний хэт авиан оношилгооны сурах бичиг, гарын авлагыг эх хэл дээрээ бэлтгэн, боловсруулсан. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 250 гаруй хүүхэд, нярайн эмч нар сургалтад хамрагдаж, нийслэл, 21 аймагт оношилгоо, эмчилгээ хийж байгаа. Манай эмч нарын гүйцэтгэж байгаа түнхний хэт авиан оношилгоо, эмчилгээний чанар барууны өндөр хөгжилтэй орны түвшинд хийгдэж байгаа гэдгийг бид бардам хэлж чадах байна.

-Төсөл хэрэгжүүлэх явцад тулгарсан бэрхшээл гэвэл юуг нэрлэх вэ?

-Хүний нөөцийн асуудал хамгийн тулгамдсан асуудал болж байгаа. Сүүлийн жилүүдэд 21 аймгийн нярайн түнхний хэт авиан скрининг хариуцан ажиллахаар бэлтгэгдсэн эмч нараас гавьяаны амралтад гарах, шилжилт хөдөлгөөн өндөр байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой нярайн түнхний хэт авиан скрининг оношилгоо, эмчилгээ доголдох хандлага ажиглагдаж байна. Хүүхэд скринингэд хамрагдаагүй, буруу оношилсон шалтгаанаар мэс ажилбарт орох, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол гарч байна. Тиймээс төлөвлөгөөт сургалтаас гадна шинээр ажилд орсон эмч, мэргэжилтэнг сургах, дадлагажуулах, нэгэнт сургагдсан эмч нарт нэмэлт сэргээх давтан сургалт тогтмол явуулах, дэмжлэгт хяналт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа.

Түүнчлэн 21 аймагт нийлүүлэгдсэн оношилгооны хэт авиан аппаратны эвдрэл зэрэг нь оношилгооны чанарт нөлөөлж байгаа. Өнөөгийн байдлаар “SMOPP” төслөөс эвдэрсэн аппарат хэрэгслийг хариуцан засаж, шинээр сольж өгч байгаа боловч цаашид манай улс энэ бүх ажлыг өөрсдөө бие даан гүйцэтгэх шаардлагатай болно.

Үүнд нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед цөөнгүй хувийн эмнэлгүүд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн түнхний хэт авиан оношилгоог хийж эхэлсэн. Хувийн эмнэлэгт үзэж байгаа эмч нар албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн стандарт сургалтад хамрагдаагүй, оношлох эрх аваагүй, оношийн баталгаажилт хийлгээгүйн улмаас оношийн алдаа гаргаж байгаагаас хохирсон тохиолдлууд цөөнгүй байгаа. Мөн нэр бүхий аль нэг хувийн эмнэлгийн эмч буруу оношилсон гэхээсээ илүүтэйгээр түнхний хэт авиан оношилгоо буруу мэтээр олон нийтэд ойлгогдож байгаа нь маш харамсалтай байдаг. Цаашид бид зохих байгууллагатай хамтран ойрын хугацаанд энэ талаар хяналт зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Түнхний эхо оношилгоог хийхэд хамгийн түрүүнд зориулалтын аппарат хэрэгтэй. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр орон нутгийн төрөх эмнэлгүүд аппараттай болсон уу?

-“SMOPP” төслийн хүрээнд 15 гаруй жилийн туршид улсын хэмжээнд төрөх чиглэлээр ажилладаг улсын бүх эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн гурван амаржих газар, Налайх, Багануур дүүргийн төрөх тасаг, 21 Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, зургаан сум дундын эмнэлэг, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв 2) түнхний хэт авиан скрининг оношилгоог гүйцэтгэхэд шаардлагатай хэт авиан аппаратаар хангасан. Одоогийн байдлаар нийт 42 хэт авиан аппаратыг UPS-ийн хамт дээрх газруудад нийлүүлсэн. Түүнчлэн үзлэгт шаардлагатай нярайн үзлэгийн ор ба бусад тоног төхөөрөмж, эмчилгээний сойлтоор хангаж, хүүхэд, нярайн эмч нарыг түнхний хэт авиан оношилгооны аргачлалд сурган, гарын авлага сурах бичгээр хангасан. Эмчилгээнд Tубингер сойлт ашиглаж байгаа ба Швейцарь, Герман зэрэг герман хэлтэй улс орнуудаас хэрэглэсэн Tубингер сойлтыг хандиваар цуглуулж, Монгол Улсад дахин ашиглаж байна. Нийт төслийн 15 жилийн хугацаанд “SMOPP” төслөөс 1 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

-Тэгвэл төсөл хэрэгжихээс өмнө түнхний эхоны зургийг яаж авдаг байсан байсан бэ?

-1980-аад оноос өмнө түнхний дутуу хөгжлийн оношилгоонд зөвхөн эмнэлзүйн ба рентген оношилгооны аргуудыг ашиглаж байсан бол анагаах ухаанд түнхний эхо шинжилгээний Графын аргыг амжилттай нэвтрүүлсэн нь орчин үеийн оношилгооны хамгийн үнэ цэнэтэй арга болсон. Түнхний эхо шинжилгээ нь нярай, нялхаст хамгийн тохиоромжтой, энгийн, хялбар, хор нөлөөгүй, өртөг багатай, найдвартай оношилгооны арга гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

Түнхний үений рентген шинжилгээ нь нярай ба 6 хүртэлх сартай хүүхдэд оношилгооны ач холбогдолгүй. Учир нь рентгенд зөвхөн ясжсан хэсгийг олж харах боломжтой тул үений гол бүтэц болох дунд чөмөгний толгой, сүүжний тогооны ясжиж амжаагүй мөгөөрсөн хэсгүүд рентгенд харагддаггүй. Түүнчлэн түнхний үений рентген оношилгооны чанар, үнэн зөв эсэх нь зураг авах үед хүүхэд зөв байрласан эсэхээс ихээхэн хамааралтай. Цаашилбал рентген туяа нь эрчимтэй өсөн хөгжиж байгаа хүүхдийн араг ясанд туяаны хортой нөлөө үзүүлж, хожим ноцтой эрсдэлд хүргэж болзошгүй. Гэхдээ рентген шинжилгээ нь түнхний мултралын мэс заслын эмчилгээний заалт гаргах, үр дүнг хянахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Хүүхдийн түнхний рентген зураг авахад тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Тухайлбал, рентген зураг авахад хүүхдийн нөхөн үржихүйн гол эрхтэн болох өндгөвч, төмсгийг хамгаалах шаардлагатай. Учир нь хожим хүүхэд үргүйдэлд хүргэж болзошгүй. Мөн манай практикт авч байгаа түнхний рентген зургуудийг харахад ихэвчлэн хүүхдийн хоёр хөлийг нийлүүлж, аарцаг ясыг далийлгаж авснаас зураг буруу гарч, онош буруу тавигдсан байдаг. Энэ нь эрүүл түнхтэй хүүхдийг өвчтэй мэт харагдуулж, тэр бүү хэл эмчилгээ хийсэн тохиолдол гарсаар байна. Мөн дунд чөмөгний толгойг рентгенд харагдахгүй, эсвэл хоёр хөлөнд тэгш бус хэмтэй байвал мултрал, дутуу хөгжил гэсэн онош тавигдсаар байгаа. Энэ бүхэн нь сургалт шаардлагатай байгааг харуулж байна.

Рентген шинжилгээний талаар ярьсных нэг зүйлийн талаар хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Нэг өдөр авсан түнхний хэт авиан зураг ба рентген зургийг хооронд нь харьцуулж болохгүй. Учир нь хүүхдийн түнхийг үүсгэж байгаа мөгөөрсөн бүтцүүд (дунд чөмөгний толгой, сүүжний тогооны хөмөг) ясжиж эхлэх үед үүсэх эсүүдийн бөөгнөрөл нь хэт авианд харагдаж эхэлдэг. Үүнээс 4-6 долоо хоногийн дараа л дунд чөмөгний толгой, сүүжний тогооны хөмөгний мөгөөрс ясжиж байгаа нь рентгенд харагддаг. Өөрөөр хэлбэл 4-6 долоо хоногийн дараа авсан рентген зурагт түнх ямар харагдахыг хэт авиан зураг харуулдаг. Иймээс түнхний дутуу хөгжлийн оношилгоог нэгэнт хэт авиагаар гүйцэтгэсэн бол эмчилгээний үр дүн ба бүрэн эдгэсэн эсэхийг зөвхөн хэт авиагаар (рентгенээр бус) тодорхойлдог.

Хүүхдийн хөлийг тэнийлгэж өлгийдөх нь мултрал үүсгэдэг болохыг саяхан хийсэн бидний судалгаа харуулсан

-Сүүлийн үед түнхний дутуу хөгжилтэй төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Өсөөд байгаа нь юутай холбоотой вэ?

-Манай улсад жилд дунджаар 80 мянган хүүхэд мэндэлдэг. Бидний хийсэн судалгаагаар 80 мянган хүүхдийн 85 орчим хувь нь түнхний хөгжлийн ямар нэгэн асуудалгүй, эрүүл төрдөг /А хэлбэр/. 13-14 орчим хувь нь физиологийн дутуу хөгжилтэй төрдөг /В хэлбэр/. Үлдсэн нэгээс хоёр орчим хувь нь мултралын өмнөх эсвэл хагас мултралтай гэж оношлогддог /С хэлбэр/ байна. Төрөлхийн түнхний мултрал /D хэлбэр/ ер нь бараг тохиолдохгүй. Хувиар илэрхийлвэл 0.9 хувь орчим. Энэ нь Графын аргаар түнхний хэт авиан скринингэд төрсөн нярай бүрээ хамруулдаг бусад орны мэдээлсэнтэй дүйж байгаа.

Сүүлийн үед түнхний дутуу хөгжилтэй төрөх хүүхдийн тоо нэмэгдэж байгаа мэт харагдаж байж болох ч энэ нь нярай бүрийн түнхийг эхогоор оношилдог болсонтой холбоотойгоор бага зэргийн физиологийн дутуу байсан ч илрүүлж, бүртгэж байгаатай холбоотой. Эхо оношилгооноос өмнөх үед хүүхэд хөлд орох үед л асуудал нь ил болдог байсан буюу хэтэрхий оройтож оношлогддог байсан.

-Хүүхдүүд түнхний дутуу хөгжилтэй төрж байгаа шалтгаан нь юу вэ?

-Шалтгааныг нь бид хэлж мэдэхгүй. Өнөөгийн байдлаар түнхний дутуу хөгжлийн шалтгаан анагаах ухаанд бүрэн тогтоогдоогүй байна. Гэхдээ удамшлын, дааврын ба механик хүчин зүйлс чухал нөлөөтэй хэмээн үздэг. Түнхний дутуу хөгжил үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсэд эм хүйс, удамшлын өгүүлэмж, төрсөн эцэг эх, ах дүү, өвөө, эмээ, авга, нагац дунд түнхний мултрал, дутуу хөгжлийн өгүүлэмжтэй хүн байх, өгзөг түрүүлэлт, ураг орчмын шингэн (жирэмсэн үеийн умайд байх ёстой хэвийн шингэн) бага, том ураг, төрөх үеийн жин 4000 гр-аас дээш, ихэр, ургийн нурууны байрлал, анхны хүүхэд гэх мэт.

Бидний хувьд түнхний мултрал, дутуу хөгжил үүсгэсэн шалтгаанд нэг их ач холбогдол өгдөггүй. Яагаад гэхээр бид эдгээр хүчин зүйлсээс сэргийлж чадахгүй боловч, 24-48 цагийн дотор оношилж, шаардлагатай асаргаа, эмчилгээг хийхэд бүрэн эдгэрэх боломжтой болохоор тэр юм. Харин нэг зүйлийг анхааруулж хэлэхэд дутуу хөгжилтэй болох нь оношлогдсон хүүхдийн хөлийг тэнийлгэж өлгийдөх нь мултрал үүсгэдэг болохыг саяхан хийсэн бидний судалгаа харуулсан.

-Түнхний эхоны зургийг төрснөөс хойш 24-48 цагийн дотор зургийг авахуулах ёстой гэдэг. Үүний учир шалтгаан, ач холбогдлыг тайлбарлахгүй юу?

-Түнхний дутуу хөгжлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэхийн тулд нэн түрүүнд авах арга хэмжээ нь аль болох эрт буюу амаржих газарт, нярайг төрөнгүүт оношлох явдал гэж дээр би хэлсэн. Учир нь нярай төрсний дараах эхний гурван сард тэдний түнхний хөгжил маш эрчимтэй явагддаг ба хөгжил нь аажмаар удааширч, улмаар зогсдог.

Түнхний хөгжлийн эрчимтэй хөгжлийн энэ үеийг ашиглахын тулд аль болох эрт, төрөнгүүт оношилж чадвал мэс заслын бус, хялбар аргаар, маш богино хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой. Эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь мэс залын бус эмчилгээний үргэлжлэх хугацааг богиносгодог. Оройтож оношилсон тохиолдолд эмчилгээ илүү хүнд, удаан үргэлжлэх мэс заслын арга эмчилгээ шардлагатай болдог.

-Давхар живх хэрэглэхийг ямар үед зөвлөдөг вэ?

-Амьдралын эхний долоо хоногуудад хүүхдийн дутуу хөгжсөн түнх нь тодорхой зүй тогтлын дагуу явагддаг. Хэдийгээр дутуу хөгжсөн ч дээрх зүй тогтол нь хадгалагдсан тохиолдолд В хэлбэрийн түнх буюу эрүүл эмгэгийн зааг эсвэл физиологийн дутуу хөгжил үүсдэг. Эрүүл эмгэгийн зааг үед хүүхдийн хөлийг алцайлгаж, зөв асарснаар хөгжил нь аяндаа гүйцдэг. Энэ үед хүүхдийн хөлийг алцайлгах зорилгоор давхар живх хэрэглэхийг зөвлөдөг. Ямар үйлдвэр, брэндийн живх хэрэглэх нь чухал биш. Хамгийн гол нь 24 цагаар хэрэглэх юм. Манайхан живхэнд ач холбогдол өгөөд, хугацаанд ач холбогдол өгдөггүй. В хэлбэрийн үед түнхний хэвийн хөгжлийг саатуулах механик хүчин зүйлс (тухайлбал хоёр хөлийг тэнийлгэн, чанга өлгийдөх) үргэлжлэн нөлөөлснөөс эмгэгт шилждэг. Энэ тохиолдолд давхар живх нөлөөлөхгүй тул, сойлтоор эмчлэх шаардлагатай.

-Давхар живхийг нь сайн зүүлгэсэн хүүхдүүдийн хэдэн хувь нь эрүүл болдог вэ?

-Давхар живхээ хариуцлагатай зүүсэн тохиолдолд 80-90 хувь нь аяндаа эдгэрдэг. Дээр дурдсан механик хүчин зүйлс буюу өлгийдөлт нь түнхний дутуу хөгжил үүсгэх тул хориотой. Үүнд манай эцэг эхчүүдийн гол анхаарах зүйл нь сар бүрийн давтан эхо хяналт гэдгийг мартаж болохгүй. Энэ давтан хяналтын ачаар бид хүүхэд эдгэрч байгаа эсвэл хүндэрч байгааг тодорхойлох боломжтой байдаг тул эмчийн заасан хугацаанд заавал үзүүлэх ёстойг анхааруулахыг хүсэж байна.

-Живх авах боломжгүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгвэл даавуун живх хэрэглэж болох уу?

-Давхар живх хэрэглэх арга үр дүнтэй гэдэг нь 15 жилийн туршлагаар батлагдсан зүйл юм. Хоёр дахь живхийг хүүхдийн хувцасны гаднаас зүүхийг зөвлөдөг. Давхар живхний гол зорилго нь хүүхдийн хөлийг түнхний үеэр алцайлгаж, бага зэрэг нугалах зорилготой. Энэ байрлал нь ураг үеийн түнхний байрлал бөгөөд түнхний хөгжлийг дэмжиж өгөх байрлал юм. Иймд ямар үйлдвэр, брэндийн живх хэрэглэх нь чухал биш.

-Түнхний дутуу хөгжилтэй хүүхдийг өлгийдөх нь сөргөөр нөлөөлдөг талаар та хэллээ. Өлгийдөх нь ямар сөрөг үр дагавартай талаар дэлгэрүүлж тайлбарлаж өгөхгүй юу?

-Бид физиологийн дутуу хөгжилтэй (В хэлбэр) хүүхдийг өлгийдөх нь дутуу хөгжил үүсэхэд нөлөөлж байгаа эсэх талаар судалгаа хийсэн. Судалгаанд нийт 80 хүүхдийг хамруулснаас 40 хүүхдийг өлгийдөж, 40 хүүхдийг өлгийдөлгүй, хувцасласан. Нэг сарын дараах давтан үзлэгт эдгэрээгүй” тохиолдлын хувь нь “Өлгийдөөгүй” бүлэгт 7.5 хувь (3/40), “Өлгийдсөн” бүлэгт 40 хувь (16/40) байсан. “Өлгийдөөгүй” бүлэгт түнхний дутуу хөгжлийн тохиолдол бүртгэгдээгүй бол “Өлгийдсөн” бүлэгт найман тохиолдолд мултралын өмнөх хэлбэрт шилжсэн байсан. Энэхүү судалгаанаас өлгийдөлт хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхой харагдаж байгаа байх.

Түнхний дутуу хөгжил нь уруул тагнайн сэтэрхийтэй нэгэн адил гэж болох юм

-Хүүхэддээ буруу асаргаа хийвэл сарын дараа ирээд үзүүлэхэд түнхний дутуу хөгжлийн үеэс мултралын өмнөх үе рүү шилжиж байна гэлээ. Ер нь сарын хугацаанд эдгэрэхгүй байвал ЭХЭМҮТ, ГССҮТ рүү хандах уу?

-Дээр хэлсэн шалтгаанаар түнхний дутуу хөгжлийн оношилгоог нэгэнт хэт авиагаар тавьсан бол эмчилгээний үр дүн ба бүрэн эдгэсэн эсэхийг зөвхөн хэт авиагаар (рентгенээр бус) тодорхойлдог. Түнхний хэт авиан оношилгоог хоёр нас хүртэл хийх боломжтой. Нэг ойтой анх оношлогдож байгаа бол хүүхдийн хувьд хэтэрхий оройтсон, зөвхөн мэс заслаар эмчлэх шаардлагатай тохиолдлууд байдаг. Энэ үед ортопед эмчийн тусламж хэрэгтэй болдог. Энэ хүүхдүүд ГССҮТ-д хандахаас өөр аргагүй болно. Гэмтлийн эмнэлэгт хандах буюу оройтсон хүүхдүүдийн тоог бууруулах үүднээс нийслэл, 21 аймагт аль болох эрт амаржих газарт оношилгоо хийж, эрт эмчлэхээр зорьж байгаа юм.

-Хүүхдийг төрөнгүүт нь 24-48 цагийн дотор эхогоор оношилж байгаа. Монгол Улсын бүх төрөх эмнэлгүүд эхоны аппаратаар хангагдсан байтал яагаад нэг ойтой хүүхдүүд анх удаа түнхний дутуу хөгжилтэй гэж оношлогдоод байгаа юм бэ?

-Одоогийн байдлаар суманд чадавх бүрдээгүй учраас суманд төрсөн хүүхэд эход харуулж чадахгүй байна. Дээрээс нь дутуу хөгжилтэй болохыг нь оношлуулчихаад байгаа хэр нь хүүхдээ авчирч давтан үзүүлэхгүй, хайхрамжгүй эцэг, эхчүүд байна. Мөн эмч анхнаасаа буруу оношилсон буюу хүүхэд түнхний дутуу хөгжилтэй төрснийг оношлоогүй, алдаа гаргасан байж болно.

Нөгөө талаас гэмтлийн бус шалтгаанаар эрүүл төрсөн хүүхдэд хоёрдогчоор түнхний дутуу хөгжил, мултрал оношлогдож болно. Гэхдээ энэ нь ховор тохиолддог. Үүнд, нэгдүгээрт нярай хүүхдийн түнхний хөгжил гүйцсэн, эрүүл төрсөн ч мэдрэл, булчингийн төрөлхийн эмгэг тухайлбал нугасны ивэрхий, булчингийн саажил, чангарал, тархины саажил зэрэг эмгэгүүдийн үед хоёрдогчоор түнхний дутуу хөгжил үүсэж, улмаар мултарч болно. Хоёрдугаарт, янз бүрийн гаралтай нянгийн халдвар тухайлбал цусанд халдвар ороход (үжил) том үе (тухайлбал түнхний үе) илүүтэй өртөж, үрэвсдэг. Түнхний үе үрэвссэний улмаас үенд хурсан идээ, шингэн үений зөөлөн эд, мөгөөрс, ясанд эмгэг өөрчлөлт үүсгэж, дунд чөмөгний толгойг хайлуулан, мултралд хүргэх эрсдэлтэй.

-Хүүхэд нь ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох гэж байхад хайхрамжгүй хандаад ой хүргээд ирдэг гэхээр санаанд багтахгүй юм. Ийм хүмүүс хэр их байдаг юм бэ?

-Асаргаа, сувилгаа, эмчилгээгээ хийгээд сарын дараа ирээрэй гэхэд ирдэггүй. Ийм ээж аав цөөн бус байгаа. Бид нар ирэхгүй байгаа ээж, аав нар руу утасдаж сануулдаг боловч олон шалтаг хэлээд ирдэггүй. Зарим нь оройтуулж авч ирдэг. Түнхний дутуу хөгжлийн хор уршиг одоохондоо нүдэнд нь ил харагдахгүй болохоор ингэж байх шиг байна. Гэтэл түнхний дутуу хөгжил нь уруул тагнайн сэтэрхийтэй нэгэн адил гэж хэлж болох юм. Уруул тагнайн сэтэрхий хүний нүдэнд ил харагддаг. Тийм учраас эмзэглэж, маш хурдан арга хэмжээ авдаг. Гэтэл түнхний дутуу хөгжил, мултрал хүний нүдэнд ил харагдахгүй, эхогоор л харагддаг учир гаж нөлөө, хүндрэл нь жилийн дараа хөлд ороход гарч ирдэг учраас хайхрамжгүй хандаад байх шиг байна.

-Түнхний дутуу хөгжлийн С хэлбэр рүү шилжвэл дөрөөвч зүүдэг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Дөрөөвчийг хэрхэн хэрэглэх талаар. Эцэг эхчүүд юун дээр нь ихэвчлэн алдаа гаргадаг вэ?

-Дөрөөвч буюу сойлт нь гүйцэд хөгжөөгүй түнхэнд үзүүлэх механик даралтыг бууруулах, ураг үеийн байрлалд хүүхдийн хөлийг оруулах зориулалттай, хоёр хөлийг сойх хэрэгсэл юм. Австри, Герман, Швейцарь зэрэг барууны өндөр хөгжсөн орнуудад Tубингер сойлтыг түгээмэл хэрэглэдэг. Манай орны хувьд ч мөн адил Tубингер сойлтыг хэрэглэж байгаа ба өндөр үр дүнтэй (99 хувь), хүүхдэд аюулгүй, хоргүй, өнөөдрийг хүртэл Тубингер сойлт хэрэглэсэнтэй холбоотой ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй. Эцэг эх ба эмч хэрэглэхэд хялбар, угааж цэвэрлэх, дахин ашиглах боломжтой төдийгүй хүүхдийн хувцасны гаднаас зүүгддэг, уян хатан тохируулгатай тул хэрэглэхэд тохиромжтой байгаа. В хэлбэрийн түнх С хэлбэрт шилжсэн, С хэлбэртэй түнхэнд мэс заслын бус сойлт эмчилгээг зөвлөдөг. Мөн мултрал буюу D хэлбэрийн үед сойлт эмчилгээгээр бүрэн эдгэрэх тохиолдол цөөнгүй байдаг. Сойлтын эхний тохируулгыг зөвхөн түнхний дутуу хөгжлийн биомеханизмийг сайн мэддэг, эрх бүхий эмч тохируулж өгөх ба цаашид эцэг эх гэрээр үргэлжлүүлэн зүүж, хүүхдээ эмчилдэг. Эцэг эх нь тайлах боломжтой тул эмчилгээний үр дүн хэрхэн зүүснээс шууд хамааралтай. Ихэвчлэн 24 цагаар зүүх шаардлагатай. Хүүхдийн асрамжлагчид сойлтыг тогтмол зүүхгүй байх магадлалтай нь сул тал болж байгаа. Иймээс түнхний дутуу хөгжлийг үр дүнтэй эмчлэхэд эцэг эхчүүд эмчийн зааврыг ягштал дагаж мөрдөж байгаа эсэх нь маш чухал. Бидний туршлагаас эцэг эхчүүд харьцангуй сайн зүүж байгаа.

-Дөрөөвчийг дур мэдэн хэрэглэх нь ямар эрсдэлтэй вэ?

-“SMOPP” төслөөр Швейцарь, Герман зэрэг улс орнуудаас хэрэглэсэн сойлтыг хандиваар цуглуулж, манайд дахин ашиглаж байгаа. Монголд ирсэн хойноо дахин 5-10 орчим хүүхдэд дахин давтан, үнэ төлбөргүйгээр хэрэглэгддэг. Гэтэл манай эцэг, эхчүүд хүүхэддээ хэрэглэж байсан сойлтыг буцааж өгдөггүй. Авдрандаа хийгээд хадгалж, дараагийн хүүхдэд хэрэглэнэ гэдэг. Аль эсвэл уул овоон дээр аваачаад орхичихно. Гурван жилийн өмнө гэхэд Хийморийн овоон дээрээс хоёрыг олж авч байлаа. Зарим нь бүр дамжуулан, өөр гэр бүлд зарсан тохиолдлууд ч гарсан. Гэтэл мэргэшсэн эмчийн хяналт, заавар зөвлөгөөгүйгээр, буруу хэрэглэснээс хүндрэл гарч тухайлбал дунд чөмөгний толгой үхжиж, хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултай. Энэ чинь эмчилгээний хэрэгсэл шүү дээ. Тиймээс буруу хэрэглэвэл аюултай гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Бидний хувьд үндэсний хэмжээнд бус Европын холбооны улс болон түнхний эхо оношилгоо хийдэг орнуудад сургалт хийх, зөвлөгөө өгөх эрхтэй

-Орон нутгийн эмч нар эхоны зургаа тан руу явуулж хянуулдаг юм билээ. Тэгэхээр та үндэсний хэмжээний сургагч эмч гэсэн үг үү?

-Манай улсад олон улсын сургагч багшийн эрх бүхий гурван зөвлөх эмч байсан. Үүний нэг нь миний бие байгаа. Нэг эмч маань саяхан харамсалтайгаар бурхны оронд очсон. Нөгөө эмч маань ЭХЭМҮТ-д түнхний хэт авиан оношилгоо эмчилгээний зөвлөх эмчээр ажиллаж, төслийн Монгол талын удирдагчаар ажиллаж байгаа.

Бидний хувьд олон жил суралцаж, зөвхөн үндэсний хэмжээнд бус Европын холбооны улс болон түнхний эхо оношилгоо хийдэг орнуудад сургалт хийх, зөвлөгөө өгөх эрхтэй байгаа. Бид эхоны зурганд хяналт хийснийхээ дараа үзсэн хүүхэд болгоныхоо зургийг тусгай сервер дээр суурилсан вэбсайтад оруулж, зөв үзсэн байна уу, ямар алдаа гаргасан байна вэ, дахин авах шаардлагатай юу гэсэн гурван шалгуураар зөвлөгөөг өгдөг ба хүнд тохиолдол дээр Швейцарийн ба олон улсын зөвлөхүүдтэй тогтмол зөвлөгөөн хийдэг.

Хэрвээ буруу аргаар онош тавьсан бол дахин ав гэж зөвлөсний дагуу засч, оруулаад хянадаг. Энэ үйл явц жилийн 365 өдөр үргэлжилнэ. Иймээс оношийн баталгаажилтад хамрагдсан бол оношийн алдаа гарах магадлал маш бага гэсэн үг. Ковидын улмаас Швейцарийн талынхан сүүлийн хоёр жил ирж чадахгүй байгаа боловч онлайнаар сургалтаа зохион байгуулж байгаа.

-Манай улсын хувьд тэгвэл зөвлөгөө өгөх эрхтэй хэдэн эмч байдаг юм бэ?

-Манай улсын хувьд одоогийн байдлаар хоёр байгаа.

-Түнхний дутуу хөгжилтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн групп гэж байдаг. Энд ороод мэдээлэл судалтал хувийн эмнэлгүүдийн оношилгооны алдаатай асуудлууд цөөнгүй байсан. Ер нь ийм тохиолдол хэр олон байдаг вэ?

-Зөндөө шүү дээ /ширээн дээрх хураалттай бичгүүдийг заав/ Буруу оношилсон тохиолдлуудыг олж, заримыг нь хожимдоогүй байхад эмчилж байна. Гэхдээ 100 хувь олж оношилж чадахгүй байна. Түнхний эхоны оношилгоо хийдэг хувийн эмнэлгүүдэд энэ төрлийн үзлэг хийх сертификаттай эмч нар байдаг байх. Заримд нь сертификат байхгүй ч байж магад. Зөв, бурууг үзсэнг бид нар ялгаж өгнө. Гэхдээ тэр эмч нар хариуцлага хүлээх эрх зүйн орчин байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Та өдөрт ойролцоогоор хэдэн хүүхэд үздэг вэ?

-Дунджаар 70-80 хүүхэд үздэг. Өдөрт ийм хэмжээний хүүхдэд түнхний хэт авиан үзлэг хийдэг эмч дэлхий дээр байхгүй байх аа. Зөвхөн манайд л байгаа байх. Ингээд хэлэхэд нэг их буруутахгүй болов уу.

-Онлайн зөвлөгөө бас өдөр тутам өгдөг?

-Өдөрт дунджаар 40-50 хүнд онлайн зөвлөгөө өгдөг.

-Та түнхний дутуу хөгжилтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн групп дээр өдөр бүр мэдээлэл оруулж, огт төвөгшөөлгүй асуултуудад хариулдаг юм билээ. Ингэж зөвлөгөө өгдөг эмч харж байгаагүй болохоор гайхаж л байсан?

-Үндсэн ажлын ачааллын хажуугаар улам л их ачаалал авч байгаа юм. Үнэндээ үүнээс өөр аргагүйдээ л ингэж байна. Хүүхдүүд л хохирохгүй байвал бид юу ч хийсэн чадна.

-Кальци уухгүйгээс болж түнхний дутуу хөгжил үүсч байна гээд эцэг эхчүүд бие биендээ зөвлөгөө өгдөг юм билээ. Энэ зөв мэдээлэл үү?

-Кальци бол түнхний хөгжилд ямар ч нөлөө байхгүй, харин ясны бэхжилтэд л нөлөөтэй. Дэлхий дээр одоохондоо түнхний хөгжлийг дэмждэг ямар ч эмийн бодис алга. Манай зарим эхчүүд хаанаас ч юм кальци олоод өөрсдөө уучихна. Аль эсвэл хүүхдээ хордлогод ортол кальци өгчихнө. Манай улсын иргэдийн хувьд Д витамины дутагдалтай байдаг учир хүүхдэд нэг сартайгаас витамин хэрэглэж болно. Хэрэглэхийг ч зөвлөдөг.

-Түнхний дутуу хөгжилтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд юуг анхааруулж, зөвлөмөөр байна вэ?

-Үзэж, зөвлөгөө өгч буй эмчийнхээ хэлснийг л сайн дага. Эмчилгээний ба хяналтын дэглэмээ сайн барь. Мэдэхгүй эм, витамин өгч хүүхдээ хордуулах хэрэггүй гэж хэлмээр байна. Нөгөө талаас түнхний дутуу хөгжлийн эмчилгээний үр дүн эмнэлэг, эмчээс гэхээс илүүтэй эцэг, эх, асран хамгаалагчдаас ихээхэн хамааралтай. Учир нь эцэг, эх хүүхдээ давтан үзлэг авчирч хянуулах, мэс заслын бус эмчилгээний сойлтыг 24 цагаар зүүх үүргийг хүлээдэг тул эцсийн үр дүн тэднээс ихээхэн хамааралтай байдаг. Хүүхдийн түнхний хэт авиан скрининг оношилгоо, эмчилгээний талаар эцэг эх, олон нийт зөв мэдээлэл, мэдлэгтэй байх, эмчийн зааврыг ягштал биелүүлдэг, давтан үзлэгт хүүхдээ тогтмол хянуулдаг байх нь чухал ач холбогдолтой тул бид цаашид энэ талаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа.

-Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн “SMOPP” төсөл цаашид манай улсад хэрэгжсээр байх уу?

-Хэрэгжээд л байна. Эхэлсэн зүйл дуусдаг болохоор нэг өдөр дуусах байх. Гэхдээ тэр өдрийг хэзээ гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй байна.

Эх сурвалж : EagleNews

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..