© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Үйл явдал

Монголоос зугтах 1000 шалтгаан

Монгол Улс гадаад ажиллаж, амьдарч буй чадварлаг боловсон хүчнээ эргүүлж татах зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөр зарлаад ч ирүүлж чадаагүй бүтэн аймгийн хүн амтай дүйцэх 40 гаруй мянган иргэнээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын ачаар эх оронд нь авран хамгаалж авчирсан билээ. Эдгээр хүмүүс дунд визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчилтэй нь олон байсан ч тухайн улсаас нь үзүүлж болох хамгийн дээд дэмжлэгийг авч, ихээхэн хүчин чармайлт гаргаснаар энэ үр дүн гарсан. Нөгөө талаар Монгол Улс цар тахлыг эх орондоо нэвтрүүлэлгүй удтал тэмцсэн нь дээр дурдсан амжилтууд гарах гол нөхцөл болсон юм. Тэгвэл өнгөрсөн жилийн эл үр дүн энэ жил, ирэх жилүүдэд замхарчих юм биш байгаа, ирснээсээ илүү олуулаа болоод гараад явчих вий гэсэн болгоомжлол төрөх болов. Ингэж болгоомжлох үндэслэл байна.  

Нэгдүгээрт, эх орноо орхин гадагш цагаачлах иргэдийн тоо цар тахлаас өмнө ч жилээс жилд өсөж байсан. Тодруулбал,

2015 онд 6768,

2016 онд 11959,

2017 онд 13758,

2018 онд 16307,

2019 онд 19470 иргэн гаднын улсад байнга оршин суух визтэйгээр хил давжээ. Үүн дээр сүүлийн гурван жилд Монгол Улсын иргэн байхаас татгалзсан 723 (2019 онд 272, 2020 онд 255, 2021 онд 196) иргэнийг нэмж болно. Хоёр жил хашигдсан хүмүүс хил нээгдэхтэй зэрэг “сад тавих” вий.  

Эхэнд дурдсанчлан, 2020 оны нэгдүгээр сараас энэ оны долоодугаар сарын 4-нийг хүртэл 93 орноос 40492 иргэнийг тусгай үүргийн болон тогтмол нислэгээр татан авсан. Одоо эдгээр иргэдийн хэд нь буцсан, хэд нь үлдсэн, хэд нь буцахаар төлөвлөж байгаа талаар судалгаа алга. Гэхдээ дийлэнх нь “нутаг” буцсан, эс бөгөөс буцах бэлтгэлээ базаасан гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна. Ирчихээд харийн улсын давуу талыг олон хүнд ярьсан бол эх орноо орхих сэдэл төрүүлнэ. Ирэгсдийг илүү олуулаа болоод буцах вий гэсэн нь ийм учиртай.

Гадагш урсах хүний урсгалыг хэрхэн татраах вэ гэж арга зам, шийдэл шалтгааныг нь олж байж л гарах учир эхлээд “Манай улсын юу нь болохгүй болоод иргэд харь орныг зориод байна вэ” гэдэг асуултад хариулах гээд үзье.

Хөдөлмөрийн үнэлэмж монголчуудыг түлхэж байна

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус Монголдоо мэргэжлээрээ ажиллаад хүний дайтай амьдрах итгэлгүй болчихож. Эргэн тойрноосоо ойрын үед хамгийн их сонсож байгаа үг “Эндээс л явъя” болчихлоо. Тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд Монголд урт зам туулна, бараг боломжгүй гэж үзэж байна. “Энд цаг наргүй ажиллаж зүтгээд амьдралаа босгоно гэдэг мөдгүй. Байр, машин ч хол байна. Ингэж байхаар хөдөлмөрийг минь үнэлэх газар маникюр хийгээд амьдарвал бүх зүйл арай хурдан жигдэрнэ” гэж ярихтай ч таарч байлаа. 

Жишээ татъя. Оюутнуудыг АНУ-д суралцангаа ажиллах боломжоор хангадаг “Аялангаа ажиллая хөтөлбөр” гэж бий. Тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ-д гурван сарын хугацаанд цагийн ажил хийдэг аж. Нэгэн оюутан Америкт “Мак доналдс”-ын сүлжээ ресторанд гурван сарын турш ажиллаад багаар бодоход 18 орчим сая төгрөг халаасалжээ. Тодруулбал, тэнд долоо хоногт дунджаар 40 цаг ажилладаг ба нэг цагийн ажлын хөлс 13 доллар. Илүү цагийн хөлс нь арай өндөр буюу 20 доллар. Ингээд долоо хоногт дунджаар 40 цаг, сард 160 цаг ажиллаж, нэг сарын хугацаанд 2080 доллар буюу 5.9 сая төгрөгийн цалин авчээ. Хэрвээ энэ оюутан Монголд зуны гурван сар ажилласан бол сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй. Учир нь энд ихэнх цагийн ажлын хөлс 3500-4250 төгрөг байдаг аж. Тэгээд ийм цалинтай нь ч олдоц ховор. Цагийн 4250 төгрөгийн цалингаар яг Америкт ажиллаж байгаа шиг долоо хоногийн 40 цаг ажиллавал гурван сарын турш хоёр сая төгрөг олох боломжтой. Үүнээс хөдөлмөрийн үнэлэмжийн ялгаа тод харагдаж байна. Монголчуудын гаднын орныг зорьж байгаа хамгийн том шалтгаан нь цалин мөнгө юм.  

Нийгмийн стресс монголчуудыг түлхэж байна

Тогтворгүй байдал, талцал хуваагдал, халаа сэлгээ, хүүхдэд ээлгүй орчин, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, нийтийн тээврийн чанар, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, ядуурал, инфляц энэ цагийн Монгол Улсыг тодорхойлогч түлхүүр үгс. Гэтэл “Муу дээр муухай, муухай дээрээс улцан” гэгчээр цар тахлын балгаар байдал улам дордлоо. Тухайлбал, улсын хэмжээнд инфляц 9.9 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ мэт асуудал мундахгүй, ядаж ойрын хугацаанд дээрдэх өнгө аяс ч харагдахгүй байхад хэн ч байсан илүү сайхан амьдрал, илүү боломжтой нийгмийн зүг зүтгэх нь маргаангүй.

Ажиллах хүчний гадаад шилжилт хөдөлгөөний талаар 2019 онд хийсэн судалгаанаас харахад, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дийлэнх нь Солонгос улсад аж төрдөг. Тус улсыг зорих иргэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа аж. Тэнд олон жил хөдөлмөр эрхэлсэн нэгэн иргэн “Юмны үнийг хэн дуртай нь нэмдэг байдал манай улсад байсаар байна. Энд бол үнэ өсдөг ч хэзээ ч огцом нэмэгдэж, савладаггүй. Түүнчлэн амьдрах орчин тухтай, цэвэрхэн, хүүхдэд аюулгүй. Хэдий эх орондоо очиж амьдармаар санагдах үе байдаг ч очоод одоогийнхоосоо илүү дээр нөхцөлд амьдарч чадахгүй гэж боддог болохоор буцаж чаддаггүй” гэсэн юм.

Монгол хүн Монголдоо үнэтэй

Улс орны үнэт зүйл нь хүн. Тиймээс хүнээ татах, тогтоох бодлого хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, гаднын оронд мэргэжил дээшлүүлсэн, эзэмшсэн, тэнд олон жил ажиллаж, амьдарсан иргэд эргэлзэлгүйгээр эх орноо зорьдог хүчирхэг улс болмоор байна. Ингэхийн тулд эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Тухайлбал Монгол Улсын эдийн засаг 2012 онд 17 хувийн өсөлттэй байхад гадаадад ажиллаж байсан залуус Монголдоо олноороо эргэж ирсэн үзүүлэлт байдаг. Түүнчлэн гаднын оронд ажилласнаас дутахааргүй хэмжээний цалинг дотоодоосоо авдаг болчихвол залуус явахгүй.

Монголоос зугтах 1000 шалтгаан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Жилд 400-500 программч мэргэжилтнээ гадаад руу алдсан. Хоёр жилд 1000 гаруй хүнээ алдсан байна. Тэднийг сургах нэг өөр, тогтоож ажиллуулах нь төрийн бодлогын асуудал болоод байна.

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 420 мянган төгрөг байна. Үүнийг өнөөдрийн ханшаар долларт шилжүүлбэл ердөө 150 доллар. Энэ дэндүү хангалтгүй үзүүлэлт. Залуус харь орныг зорихоор төлөвлөж буй нь тэдний сонголт, эсвэл тансаглал гэхээс илүүтэйгээр амьдралын гарцаагүй шаардлага гэж ойлгож болох юм.  Хэрвээ эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй дээрх асуудал үргэлжилсээр л байвал гадна орныг зорих монгол залуусын хөл татрахгүй.

 

 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..