© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Эдийн засаг

Төр цахилгаан, дулаан, хогны төлбөрийг үргэлжлүүлэн даах боломжгүй

Цар тахлын нөхцөл байдалд иргэдийн эдийн засагт үүсэх хүндрэлийг тооцож, Засгийн газраас 2021 он дуустал тодорхой хөнгөлөлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж байна. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон талаар дуулгаж байв.

Нийт 123 мянга 800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдсан бөгөөд төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” хариуцаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжийн бүтэн жилийн  цахилгаан, дулаан хогны мөнгийг хөнгөлөхөд 1.2 их наяд орчим төгрөгийг төр дааж байгаа. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс энэхүү хөнгөлөлт дуусна. Гэтэл айл өрхүүдийн цахилгаан, дулаан, хог, шахмал түлшний хөнгөлөлтийг он гараад дахин зургаан сараар сунгах талаар судалж байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар талуудын байр суурийг хүргэж байна.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХКХӨНГӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЭСЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ

2022 оноос айл өрх, зарим байгууллагад үзүүлж буй тог, дулаан, хогны төлбөрийн санхүүжилтийг дахин үргэлжлүүлэх талаар тус үйлдвэрээс тодруулахад “Хэрэв хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр судалж байгаа бол эхлээд манайд мэдээлнэ. Одоогоор бидэнд ирэх оны цахилгаан, дулаан, хогны мөнгөний санхүүжилттэй холбоотой албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Засгийн газраас судалж байж магадгүй. Гэхдээ албан ёсны яриа одоогоор алга. Сүүлийн хагас жилд нийтдээ нэг сая 116 мянган хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгаан дулаан, уурын төлбөрт 493.8 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас санхүүжүүлж байна” гэлээ.

САНГИЙН ЯАМАЙЛ, ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ИРЭХ ОНД ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨРӨӨ ӨӨРСДӨӨ ТӨЛНӨ

Сангийн яамнаас тус асуудлаар тодруулахад энэ бол ташаа мэдээлэл гэв.  Засгийн газраас 2020-2021 онд цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж хэд хэдэн өөрчлөлт, зохицуулалт хийсэн. Ирэх онд энэ хөнгөлөлт үргэлжлэх боломж тун бага. Эдийн засгаа бодсон ч иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглээний төлбөрөө өөрсдөө төлнө. Учир нь Covid-19-ийн нөхцөл байдал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангуй тогтворжиж, хүмүүсийн амьдрал хэвийн болж байна. Сангийн яам дээр хөнгөлөлт үргэлжлүүлэх талаар яригдаагүй гэсэн юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТАЛААР ЯАМНААС БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ

Энэ оныг дуустал эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад төлбөрийн хөнгөлөлт эхэлснээр хүмүүсийн хэрэглээ өссөн. Гэхдээ хэрэглээ өндөр, мөн хөнгөлөлт үзүүлж байгаа ч гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн төлбөрийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. Ингэснээр 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 21.00-06.00 цагийн хооронд шөнийн тариф тэглэгдэнэ. Нийт 189 мянга гаруй өрх энэ хөнгөлөлтөд мөн багтаж байна. Яамнаас ирэх оны эхний зургаан сарын айл, өрх, албан байгууллагын цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх талаар санал хэлээгүй. Байр суурь илэрхийлээгүй гэсэн тайлбарыг Эрчим хүчний яам өглөө.

ЗАСГИЙН ГАЗАРЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮРГЭЛЖЛЭХГҮЙ, ИРЭХ ОНД ЭРЧИМ ХҮЧНИЙ СУУРЬ ҮНЭ НЭМЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаан дээр 2022 онд айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх талаар огт яригдаагүй. Цахилгаан, эрчим хүчний суурь үнийг нэмэх шаардлагатай талаар л эрчим хүчний салбарынхан ярилцаж байна. Засгийн газраас ирэх оны эхний зургаан сард нэмэх үү, үгүй юу гэдгийг судалж байгаад түр хойшлуулсан. Түүнээс биш хөнгөлөлттэй холбоотой санал асуулга, судалгаа хийгдэж яригдсан зүйл огт байхгүй гэсэн юм.

Тиймээс нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл ташаа бөгөөд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзвэл холбогдох яам болон Засгийн газраас энэ хөнгөлөлт үргэлжлэх боломжгүй гэсэн тайлбар мэдээлэл өгч байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..