© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Үйл явдал

30 дахь удаагийн намрын номын баяр эхэллээ.

Есдүгээр сарын 17-19-нд 30 дахь удаагийн номын баяр тохиож ном бүтээгчид болоод уншигчид хуран чуулах гэж байна. Энэ удаагийн баяраар маш олон шинэ ном дэлгэгдэж байгаа нь номонд шимтэгчдийг баярлуулах нь гарцаагүй. Бид тэдгээр сонирхолтой номын мэдээллийг нэгтгэн, та бүхэнд хүссэн номоо шуурхай олоход туслахыг зорилоо. Энд багтсан бүх ном дэлгүүрийн үнээсээ хямдралтай худалдаалагдах юм.

ТАГТАА ПАБЛИШИНГ

 

"Зүрхэнд агч намур"
Зохиогч: Ц.Дэлгэрмаа

Тус бүтээл нь зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн ээлжит яруу найргийн түүвэр юм. Зохиолч тансаг шүлгүүдээрээ дамжуулан хүний мөн чанар, дотоод оршихуй хийгээд ганцаардал нь орчин цагийн нийгэмтэй хэрхэн уялдаж буйг илэрхийлэхийг зорьжээ.

"Тэнгэрт ойрхон дуулж явна"
Зохиогч: М.Батбаяр
“Хүүхэд насны дурсамж байдаг болохоор хүн зохиолч болдог юм аа.” С.Дашдооров

Яруу найрагч, орчуулагч М.Батбаяр нь уг хүүрнэл зохиолоо “эргэн санахуй, нэхэн санахуйн тухай” хэмээн тодорхойлжээ. Тэрээр өөрийнхөө амьдралын дурсамжууд, үзэж мэдэрсэн дээрээ суурилан анхны бүтээлээ та бидэнд хүргэхэд бэлэн болсон байна. Хүмүүн бидний амьдрал гэж дурсамжаар дүүрэн аялал юм санж.

“Эх орон чинь дуудаж байна”
Зохиогч: Ким Ионгха

Өмнөд Солонгосын утга зохиолын нэгэн өвөрмөц дүр төрх бол яах аргагүй Ким Ионгха юм. Бид Тагтаа паблишингаас эрхлэн гаргасан “Дур булаам”(2019) бүтээлээр түүнтэй аль хэдийнэ танилцаад амжсан. Хэлээр биш хилээр зааглагдсан хоёр ард түмний талаар бидний хараагүй өнцгөөс бичигдсэн энэхүү зохиол бол түүний нэрийн хуудас болсон бүтээлүүдийн нэг билээ.

 

 

“Баавгай нэртэй шувуу”
Зохиогч: Ц.Дэлгэрмаа

Ц.Дэлгэрмаагийн бичсэн энэ шинэ бүтээл бол Тагтаа Паблишингийн хүүхэд, багачууддаа зориулж буй ээлжит бэлэг юм. Байгаль дэлхий, хүн хоёрын хүйн холбоог Бархас охины адал явдлаар төлөөлж илэрхийлсэн бүтээл нь бидний зааж чадаагүйг хүүхдүүдэд маань ойлгуулах шидтэй байж болох. Зохиолч бага насныхаа дурсамжаас сэдэвлэн эл номоо бичжээ.

 

 

“Тагтаа Review” Утга зохиолын сэтгүүл
Эрхлэгч: Б.Баясгалан

Үндэсний уран зохиолын цоо шинэ төрх болж буй тус сэтгүүл нь уран бүтээлчдэд, бүтээл туурвилаа олон нийтэд хүргэх томоохон талбар болох болов уу. Утга зохиол, яруу найрагт хайртай хэн бүхний заавал сонирхох учиртай энэхүү сэтгүүлийг улирал тутамд эрхлэн гаргахаар төлөвлөжээ.

 

АРВИС ПАБЛИШИНГ

 

"Нугачаа: Орхиод явах уу, үргэлжлүүлэн зүтгэх үү?"
Зохиогч: Сет Годин

"Орхиод явах уу, үргэлжлүүлэн зүтгэх үү?” гэсэн дэд гарчигтай энэ номд замын дундаас болих нь заримдаа амжилтад хөтлөх чухал шийдвэр байдаг тухай хөндөж, харин зүрхээ чангалаад зүтгэх ёстой зүйлсийг хэрхэн таних талаар сонирхолтойгоор тайлбарлажээ. Нугачаа буюу эхлэл, төгсрөл хоёрын дундах урт өгсүүр замтай тулдаггүй хүн гэж үгүй билээ.

 

 

"Эго таны дайсан"
Зохиогч: Райан Холидэй

Ирээдүйтэй залуу авьяастнуудыг сүйрүүлдэг; үнэт баялаг, өсөж яваа компаниудыг нураадаг; гай зовлонг тэсэж тэвчихийн аргагүй болгон хувиргадаг зүйл бол эго. Энэ номын хуудас болгоноос та эгод дарлуулахаасаа өмнө эгогоо хэрхэн дарах тухай сурч мэдэх болно.

 

МОНСУДАР

 

“Үлэмж биетний үлгэр” ба "Долоон өндөгтэй доголон шаазгай”

Хүүхдийн номын Жангар редакцаас “Монгол үлгэр-Зурагт ном” төслийн хүрээнд бүтээгдсэн хоёр шинэ ном. Бүдүүлэг, дээрэнгүй зангаар бусдыг гомдоосноороо бүдүүн Марбу өвгөн юунд хүрснийг өвөрмөц зураглал, ойлгомжтой хэллэг бүхий сонирхолтой номоос уншаарай.

Долоон өндөгтэй доголон шаазгайг зальт үнэг мэхэлж, сүрдүүлсээр өндөгнөөс нь идэж амташжээ. Сэргэлэн хулганын арга ухаан доголон шаазгайнд хэрхэн тус болох бол? Амьдралд тохиолдож болох аюул заналхийлэл, шударга бус байдлын эсрэг итгэл найдвараа алдалгүй сэтгэж, тэмцэж, давж гарахын чухлыг энэ ном харуулах аж.

 

 

"Безономикс"
Зохиогч: Брайан Дюмэйн

“Жефф Безос + Экономикс=Безономикс”
Амазон бол дэлхийг өөрчилсөн том хүч. Тус компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос бол дэлхийн хамгийн баян хүн. Энэ номоос та Жефф Безос болон Амазоныг түүхийг тольдоорой.

 

 

“Ардын хувьсгал: Үзэл санааны түүх”
Зохиогч: Б.Дөлгөөн, Б.Батбаатар, М.Бямбасайхан

Хүмүүсийн төлөвшилд эцэг эх, хувь хүний авьяас чадвар, гэр бүлийн хүмүүжлээс гадна хэл яриа, өсөж торниж буй нийгэм, тухайн үед давамгайлж буй (эсвэл яг тухайн үед шинээр гарч ирж буй) үзэл санаа, төсөөлөл нөлөөлдөг. Тэрхүү үзэл санаа, төсөөллийг илүү ухаж ойлгоё гэвэл үүсэл гарал, хөгжлийг нь мөшгөж харах шаардлагатай. Энэ номд үе үеийн хувьсгалд оролцогчдын үйлдэл, үйл хэрэгт нөлөөлсөн хоёр гол үзэл санааг зураг ба текстээр хүүрнэжээ.

 

НОЖО ПАБЛИШИНГ / Б.БАЗАРСҮРЭН

 

“Шинэ аав”
Зохиогч: Ч.Ганжавхлан

Ч.Ганжавхланг нийгмийн сайн сайхан, хүүхэд хамгааллын төлөө хийсэн үйлсээр нь монголчууд таньдаг болсон. Мөн түүнийг “Боорцог ба сарнай”, “Автуус ба амьдрал”, “Чөтгөрийн бясалгал” номуудын зохиогч гэдгээр нь уншигчид мэднэ.
Ихэр хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа түүний болон бусад аавуудын тэмдэглэлээс бүтсэн энэхүү ном аавуудын амьдралын энгийн хэрнээ хайраар дүүрэн хором мөчүүдийг харуулжээ.

 

 

"Номын жор III"
Зохиогч: Ломбын Нямаа

Ломбын Нямаа зохиолчийн Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Жамцын Бадраа, Донровын Намдаг, Чадраабалын Лодойдамба зэрэг "домгууд"-той хийсэн ярилцлага бүхий “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” хэмээх тун ховор ном байдаг. Уг номыг "Номын жор" цувралыг санаачлагч Б.Базарсүрэн зохиолчийн зөвшөөрөлтэйгөөр, нэмэлт материал, баяжуулсан агуулгатайтайгаар "Номын жор III" хэмээх бүтээл болгон хэвлүүлжээ.

 

Д.ГАЛСАНСҮХ

“Хар” ба “Улаан”
Модернист яруу найрагч Д.Галсансүх нэлээд удаан хугацааны дараа хоёр шинэ номоо уншигчдад барьж байна. Нэг ном нь түүний шинэ шүлгүүд бол нөгөө нь өөрийнх нь дуртгал бүтээл ажээ. "Яруу найргийн хаан" эргэж ирсэн үү?

ЮНАЙТЕД БИЗНЕС ПАБЛИШИНГ 

 

“Энэ бол маркетинг”
Зохиогч: Сет Годин

Маркетинг, судалгаа, олон нийттэй харилцах стратеги, брэнд концепц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэл зэрэг нэршлүүдтэй бид өдөр тутамдаа таарах болсон. Зах зээлийн эрэлт хаа сайгүй. Гэхдээ, сайн маркетер байгаа цагт л орчин цагийн сайхан нийгэм цогцлох юм. Тэгвэл маркетер байна гэж чухам юуг хэлэх, танд ямар чадвар шаардлагатай, өөрчлөлтийг хэрхэн бий болгох талаар олон асуултад хариулт өгсөн, маркетингийн ухааны цоо шинэ ном орчуулагджээ.

 

 

“No Filter: Инстаграмын бодит түүх”
Зохиогч: Сара Фраер

Бидний өдөр тутмын амьдрал цахим ертөнцтэй салшгүй холбоотой болжээ. Тэр дундаа залуучуудын хувьд Инстаграм хайртай платформ нь болоод байгаа. Тэгвэл энэ номд Инстаграмыг хэрхэн үүсгэн байгуулсан, хэрхэн Фэйсбүүктэй хэлэлцээ хийсэн, Фэйсбүүкт худалдагдсаны дараа ямар үйл явдал, адал явдлууд өрнөсөн тухай онц сонирхолтойгоор хүүрнэжээ. 2020 оны бизнесийн шилдэг номуудын нэг.

 

PSYCHOLOGY PUBLISHING

 

“Хүн байх нь: Сэтгэл засалчийн тэмдэглэл”
Зохиогч: Карл Рожерс

Сэтгэл судлалын шинжлэх ухааны томоохон төлөөлөл болсон Карл Рожерсийн үзэл санаагүйгээр сэтгэл судлалыг ойлгоно гэдэг бэрх. Хүнтэй харилцдаг хэн бүхэнд зориулсан энэ ном өөрийгөө болон бусдыг ойлгоход дэм болно.

 

СУДЛААЧ, ОРЧУУЛАГЧ: Б.БАЯРСАЙХАН

 

"Travel Classic Books"

Элчин сайд асан Б.Баярсайханы ногоон цуврал үнэнч уншигч олонтой. Тус цувралын 12, 13 дахь боть болох Альберт Штеффений “Эцсийн зогсоол Монгол: Миний амьдралын төөрөлдсөн замнал”, Волдемар Граф фон Швериний “Ороо бусгаа цаг үеийн адал явдалт ан гөрөө” номууд уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Энэ цувралаар өнгөрсөн зууны эхээр Монгол орноор аялсан европчуудын тэмдэглэлүүд хүрдэг билээ.

 

ИТГЭЛ МАРАЛ ПАБЛИШИНГ

 

“Монголын онгон байгальд”
Зохиогч: Жорж Б.Шаллер

Уг номын зохиогч нь хээрийн биологийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Монгол улсад 1989-2018 оны хооронд хэд хэдэн удаа айлчилж байжээ. Тэрээр зах зээлийн нийгмийн шилжилтийн үед америк болон дотоодын эрдэмтэдтэй хамтран Монгол орны онгон дагшин байгалийг судалсан байдаг. Шаллер энэхүү номдоо цоохор ирвэс, мазаалай, зэрлэг тэмээ, цагаан зээр зэрэг амьтдыг судалж, хамгаалах санаачилгуудыг дэвшүүлжээ. Мөн Монгол орноор аялсан гайхалтай гэрэл зургуудыг оруулсан нь бидэнд эх орныхоо анзаараагүй үзэсгэлэнг таньж мэдэх боломжийг олгох юм.

 

 

“Зэрлэг хонгор адууг ажихуйд”
Зохиогч: “Хустайн” Намхайн Банди

Байгальд хайртай хэн бүхэнд зориулсан өвөрмөц нэгэн бүтээл. Монгол эрдэмтэн 20 гаруй жилийн турш тахийг нутагшуулах ажилд хүчин зүтгэхдээ ажигласан тахийн зан араншин, сонин үйл явдлын тухай өгүүлжээ.

 

ГАРУНА ПАБЛИШИНГ

 

“Жаргалтай болох зориг”
Зохиогч: Кишими Ичиро, Кога Фүмитакэ

Энэхүү ном бол нэрт сэтгэл зүйч Алфред Адлерын үзэл санаа (Адлерын сэтгэл судлал)-г “идэр залуу эр болон философич хоёрын харилцан яриа” хэлбэрээр эмхэтгэн бичсэн “Зоригийн тухай хоёр боть зохиол”-ын сүүлийнх юм.
“Ад үзэгдэх зориг”-т дэвшүүлэн тавьсан аз жаргалд хүрэх замаар бид хэрхэн цаашаа явах вэ? Өдөр тутмын амьдралдаа Адлерын сэтгэл судлалын сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Мөн Адлерын эцэст нь дүгнэсэнчлэн жаргалтай амьдрахын тулд хүн бүрийн нүүр тулахаас аргагүй болдог “амьдралын хамгийн том сонголт” гэж чухам юу вэ гэдэгт энэ ном хариулах болно.

 

 

“Улс төр эхлэн суралцагчдад”
Зохиогч: Алекс Фрит, Рози Хоре, Луй Стовэлл

Наймаас дээш насны бүх л хүмүүст улс төрийн талаар цэгцтэй, цогц ойлголт өгөх ном. 2018 онд анх Англид гарснаасаа хойш дэлхийн 14 оронд орчуулагджээ. Бид уулзсан хүн бүртэйгээ улс төр ярьж мэтгэлцээд байдаггүй. Учир нь улс төр бидний өдөр тутмын амьдралын ярианы сэдэв биш юм. Гэхдээ амьдарч буй нийгмээ ойлгоё гэвэл улс төрийн талаар мэдлэгтэй болох шаардлагатай. Улс төр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хүмүүс хот, улс орон, тивийг хэрхэн удирдах нь улс төр. Шийдвэр хаана гарч байна, тэнд улс төр байна. Дайн эхлэх, төгсөх нь ч мөн ялгаагүй улс төр юм.

 

БАЛЖ ЭНД ПҮРЭВ ПАБЛИШИНГ

 

“Пачинко”
Зохиогч: Мин Жин Ли

1910 оноос эхлээд өнөөг хүртэл хэдэн үеэрээ Японд амьдарч буй солонгос гэр бүлд улс төр, дайн, шашин шүтлэг, нийгмийн тогтолцоо ямар нөлөө үзүүлсэн тухай хийгээд тэр бүхнийг хэрхэн даван туулж буй тухай, юмны учир олдож, хөрөнгө чинээний захад хэрхэн хүрч буй тухай энэ зохиолд хүүрнэнэ. Зохиогч бүтээлийнхээ санааг анх олохоос эхлээд Японд судалгаа хийж, олон зуун хүнтэй уулзаж ярилцан 10 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөж байж энэхүү бүтээлээ бичсэн гэдэг.

 

НЕПКО ПАБЛИШИНГ

 

“Хэн нь хэн бэ”
Зохиогч: Баабар, Г.Баярмагнай, Д.Хүрэлхүү

Төв Азийн нүүдэлчдийн түүхээс эхлээд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш өнөөг хүртэлх нийгэмд нөлөө үзүүлсэн хүмүүсийн намтар бүтээл. Энэхүү ном нь монголчуудын түүхэнд их бага хэмжээгээр оролцсон 1500 орчим хүнийг хамарчээ. Түүх бүтээгсдийн намтраас та бид урьд үеэ дахин нэг дэнслэх боломжтой.

“Нүүдэл суудал”
Зохиогч: Баабар

Хоёр мянга гаруй жилийн өмнөх Төв Азийн нүүдэлчдийн, мянга таван зуу гаруй жилийн өмнөх монгол овогтны, мянга гаруй жилийн турших монгол үндэстний түүхийг нэгтгэсэн монголчуудын түүхэн сурвалж бүтээл.

 

 

“Йогийн шинжлэх ухаан”
Зохиогч: Энн Свансон

Цаг цөвүүн болох тусам хүний бие болоод сэтгэлийн эрүүл мэнд ямар чухал болохыг бид ойлгож эхэлсэн. Мөн йог бол хүний бие, сэтгэлийг нэгэн зэрэг эмчлэх шидтэй шинжлэх ухаан гэдгийг баримт судалгаанууд нотолсоор байна. Энэ номд йогийн бүх шатны дасгал, тайлбар бүхий анатоми, физиологийн ойлголтыг багтаажээ.

 

ЗОХИОГЧ А.ОТГОН

 

“Америкт компани байгуулах нь: Бизнесийн гэрээний ойлголтууд”

Уг номын зохиогч АНУ-д бизнес бүртгүүлэх дараалал, тулгардаг бэрхшээл, анхаарах зүйлсийг хийгээд цар тахлын үеэр ямар ямар бизнес санааг хэрхэн амжилттай хэрэгжүүлж яваагаа бичжээ. Энэхүү бүтээлээс та мөн Америкийн бизнесийн гэрээний ойлголтуудтай танилцах боломжтой.

 

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..