© XOT.MN 2011-2020
10-р сарын 28, Лхагва
Улаанбаатар хот
Үйл явдал

Гурван жилийн ял авсан УИХ-ын гишүүн асан Г.Солтан давж заалдана

Г.Солтанд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч, өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгосон үндэслэлээр шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Тэрбээр анхан шатны шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргасан бөгөөд маргааш (2020.09.22) давж заалдах шатны шүүх хурал нь товлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж заасан байдаг.

Шүүхээс УИХ-ын гишүүн Г.Солтаныг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн, түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлсөн. Ингэхдээ 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

МАН 2016-2020 онд эрх барих хугацаанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдээс гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан дуулианд нэр холбогдож, хоёр жилийн хугацаанд шуугисны эцэст эхнээсээ ял сонсоод буй.

Одоогоор УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас гадна УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир 3.5 жил, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оноосон бол УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..