© XOT.MN 2011-2021
1-р сарын 17, Ням
Улаанбаатар хот
Дэлхийд

" Рио Тинто" -гийн дараагийн гүйцэтгэх захирлаар Монгол улсын иргэн томилогдож магадгүй

Рио Тинто группын баруун Австрали дахь төмрийн хүдрийн Брокмен уурхай өнгөрөгч тавдугаар сард тэсэлгээ хийх явцдаа уугуул Аборигенчуудын 46000 жилийн настай эртний түүхийн өвийг устгасан явдал нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байгаа билээ.

Тэсэлгээнд сүйдсэн Пилбара мужийн Хаммерслигийн нуруунд орших Жуукан хавцал нь сүүлчийн мөстлөгийн үеэс хойш хүмүүс амьдарч байсан гэх ул мөр олдсон Австрали дахь цорын ганц соёлын өв байсан юм. Мөн археологийн малтлагаар имжний ясыг ирлэж хийсэн 28000 жилийн настай зэвсэг, 4000 жилийн настай хүний үсээр сүлжиж хийсэн бүс зэрэг олдсон байна. Хүний үсээр хийсэн бүсэнд ДНК-ийн шинжилгээ хийхэд нутгийн уугуул оршин суугчид болох Аборигенчуудын өвөг дээдсийн гентэй тохирсон байна. Тиймээс Аборигенчууд тэрхүү газрыг өвөг дээдсийнх нь амьдарч байсан нутаг хэмээн ихэд шүтдэг аж.

Рио Тинтогийн зүгээс энэхүү явдалд компанийн зарим удирдлагын цалинг хасах шийтгэл ногдуулсан явдал нь олон нийтийн дургүйцлийг бүр ч ихээр өдөөсөн юм. Аборигенчууд болон Рио Тинтогийн хөрөнгө оруулагчид Австралийн уугуул иргэдийн соёлын өвийг устгасан явдалд тус компанийн удирдлагууд илүү том хариуцлага хүлээх ёстой гэх шахалтыг үзүүлсэн. Тиймээс компанийн ТУЗ-өөс өнгөрөгч баасан гаригт гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон өөр хоёр удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх болсноо мэдэгдсэн.

Тэгвэл Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирлаар таван хүний нэр яригдаж байгаа аж. Эдгээр таван хүн дунд Монгол Улсын иргэн Б.Болдын нэр нэлээд хүчтэй яригдаж байгаа талаар “Bloomberg” онцолсон байна.

Б.Болд нь 2016 оноос хойш Рио Тинтогийн Эрчим хүч, ашигт малтмалын бизнес хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй нэгэн юм. Үүнээс өмнө 2013-2014 онд Рио Тинтогийн Олон улсын зэсийн ассоциацын Ерөнхийлөгч, 2014-2016 онд Рио Тинтогийн менежмент хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байв.

Мөн тэрээр өмнө нь олон улсын хэмжээнд 1999-2007 оны хооронд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Харин Монгол Улсад 2009-2011 онд “NewCom” группийн гүйцэтгэх захирал, 2010-2012 оны хооронд Монголын Хөрөнгийн биржийн захирал, 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүний албан тушаалыг хашиж байсан туршлагатай.

Тинтогийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Б.Болдоос гадна Австралийн алт олборлогч “Newmont” корпорацын гүйцэтгэх захирал Том Палмер, Рио Тинтогийн гол өрсөлдөгч болох “BHP” компанийн гүйцэтгэх захирал Питер Бивен, Австралийн “Newcrest Mining” корпорацын гүйцэтгэх захирал Сандип Бисвас болон Австралийн уул уурхайн “South32” компанийн гүйцэтгэх захирал Грэм Керр нарын нэрс яригдаж байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр Питер Бивений хувьд энэ оны сүүлээр “BHP” дэх өөрийн албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болоод байгаа учир хамгийн хүчтэй нэр дэвшигч болж байгаа аж. Харин Б.Болдын хувьд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал болсноор Оюутолгойн төсөл дээр Монголын талтай ойлголцоход илүү дөхөм болно гэж тус компанийн хөрөнгө оруулагчид тооцож байгаа аж.  

Эх сурвалж: Bloomberg, Australian Financial Review

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..