© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Эдийн засаг

Татвар, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хотын төв рүү нэвтрүүлэхгүй

Нийслэлийн замын түгжрэл хүн бүхний "толгойны өвчин" болсоор удаж байна. Хичээл сургууль эхэлснээр асуудал бүр хүндэрч замын тэг зогсолтын хэмжээнд тулаад байгаа талаар олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа билээ. Ирэх долоо хоногт Их дээд сургуулиудын хичээл эхэлж, хөдөлгөөний ачаалал улам нэмэгдэх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн удирдлагууд шинэ зохицуулалтын талаар ярьж эхэлжээ.

Тодруулбал, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газраас татвар төлөөгүй, оношилгоонд хамрагдаагүй, өндөр торгуультай тээврийн хэрэгслийг RF ID буюу телекамерын ухаалаг системийг ашиглаж хотын төв рүү оруулахгүй байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Энэхүү телекамерын ухаалаг системийг ирэх аравдугаар сарын дундаас нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа машин дээр чип суурилуулж ухаалаг камерын тусламжтайгаар ямар нэгэн асуудалгүй тээврийн хэрэгслүүдийг л нийслэлийн төв рүү (Бага тойруу, Их тойруу) нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй 4.5 сая гаруй тохиолдлын найман сая төгрөгийн торгуулийн өр төлбөр төлөгдөөгүй байгаа аж.

Ийм арга хэмжээ авснаар торгуулийг түргэн хугацаанд төлж барагдуулах хөшүүрэг болохоос гадна замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ гэж Нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм байна.

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..