© XOT.MN 2011-2020
9-р сарын 25, Баасан
Улаанбаатар хот
Үйл явдал

Хордуулсан гэгдэж байгаа Алексей Навальныйн биеийн байдал сайжирчээ

Өнгөрсөн сард бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өчигдөр Германы эмнэлгийн орон дээрээс Инстаграм хуудсандаа анхны зургийг нийтэлжээ. Зураг дээрээ тэр эхнэр, хоёр хүүхдийн хамт байгаагаар гарсан байна.

“Хөдлөхөд маш хэцүү байгаа ч өчигдөр би анх удаагаа бүтэн өдөр гадны тусламжгүйгаар амьсгаллаа. Ямар ч аппаратгүй, зөвхөн өөрийн хүчээр. Би маш их баяртай байна” гэж тэр бичжээ.

Навальный өнгөрсөн сард Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явах замдаа онгоцонд ухаан алдаж унасан юм. Эхлээд Омск хотын эмнэлэгт хэвтүүлж, сүүлд Берлин хотын эмнэлэг руу шилжүүлж байв.

Германы мэргэжилтнүүд түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн Новичок хэмээх химийн бодисоор хордуулсан гэж дүгнэсэн юм. Уг дүгнэлтийг Франц, Шведийн лабораториудад хийсэн шинжилгээ дахин баталсныг Германы тал саяхан мэдэгджээ.

Навальныйг хордуулснаас үүдэлтэй ОХУ ба Өрнөдийн харилцаанд хүндрэл үүсээд байгаа. 

Саяхан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс тайлбар хүссэн юм.

Харин Оросын эрх баригчид Навальныйг хордуулаагүй гэж мэдэгдсээр байна. Өчигдөр Оросын гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-аас явахын өмнө Навальныйн биед ямар нэг хор илрээгүй байсныг мэдэгджээ.

Навальный Германд улс төрийн орогнол хүсэхгүй, бие нь сайжирмагц эх орондоо буцах хүсэлтэй байгааг түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

 
 
 
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..