Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Чингэлтэй дүүргийн 6, 13 дугаар хорооны Хамтарсан баг болон Ерөнхий боловсролын 50, 17 дугаар сургуулиудад амжилттай хэрэгжиж, төслийн хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Төсөл нь ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтарсан баг, эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хамгаалалд оролцох үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг өрнүүлсэн юм.
Хаалтын арга хэмжээнд төслийг хэрэгжүүлэгч байгууллага, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, хороодын хамтарсан багийн төлөөлөл, сургуулиудын ажлын хэсэг, сурагч болон эцэг эхийн төлөөлөл оролцож, төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Төслийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, сурагчид болон хамтарсан багуудын оролцоог нэмэгдүүлж, сургуульд суурилсан хүүхэд хамгааллын механизм-ыг хөгжүүлснээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны загварыг бий болгох юм.