• Шуурхай мэдээ:

З.Туул: АНУ-д амьдарч буй Монголчууд хүнсээ сайн базааж чадсан

2020/03/24 Админ 0 сэтгэгдэл 0 ЖИРГЭХ 0 ХУВААЛЦАХ

АНУ-ын Лос-Анжелес хотод суралцаж буй оюутан З.Туултай Коронавирусийн үед  тус улсад үүсээд буй нөхцөл байдал болон монгол иргэдийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. АНУ-ын 50 мужид уг халдварын вирус бүртгэгдээд байгаа бөгөөд нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч буй юм.

- АНУ-д коронавирусийн халдвар дэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн орнуудын нэг болоод байна. Калифорни муж, Лос-анжелес хотод нөхцөл байдал ямар байна вэ? 

- Би Лос-Анжелес хотод суралцдаг. Америкт сүүлийн хоёр долоо хоногт коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдсэн. Сүүлд би мэдээлэл харахад 46150 хүн уг вирусийн халдвар авсан бөгөөд түүний 2162 нь миний амьдардаг муж буюу Калифорни мужид бүртгэгдсэн байна. Долоо хоногийн өмнөөс Лос-Анжелес хотод хөл хорио тогтоосон. Анх гуравдугаар сарын 30 хүртэл хөл хорио тогтоосон боловч, дахин хуралдаж дөрөвдүгээр сарын 19-н хүртэл сунгасан.

-Хөл хорионы үед ямар ямар албан байгууллагууд ажиллаж байна вэ? Сургууль цэцэрлэгийг үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа юу?

- Хөл хорионы үед зөвхөн хүнсний дэлгүүрүүд богиносгосон цагийн хуваариар, харин хоолны газрууд зөвхөн хүргэлтээр ажиллаж байгаа. Харин бүх их дээд сургууль, коллежууд онлайнаар хичээллэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд тавдугаар сарын 30 хүртэл хичээллэхгүй болсон. Банк эмнэлгүүд мөн ажиллаж байна. 

-Тус улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас ямар зөвлөгөө мэдээллийг өгч байна вэ? Иргэд нь хэрхэн дагаж мөрдөж байна вэ?

-Тус улсын засгийн газраас иргэдээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарч болохгүй гэсэн бөгөөд зөвхөн хүнсний дэлгүүр, эмнэлэг, банк орохыг л зөвшөөрч байна. Хэрвээ онцын шаардлагагүй гадуур сэлгүүцсэн тохиолдолд 1000 долларын торгууль ногдуулна гэсэн шийдвэр гарсан. Бусад улс орны адил амны хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. Америкчууд эхэндээ коронавирусийн халдварт төдийлөн ач холбогдол өгөхгүй байсан. Харин одоо байдал хүндэрч байгаа учраас засгийн газар болон иргэдийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч эхэлсэн. 

- АНУ-д хэд орчим монгол иргэн амьдран суудаг вэ? Тэдэнтэй холбоотой байдаг уу? 

-Миний амьдарч буй Лос-Анжелес хотод 6000 орчим монгол иргэн амьдардаг гэсэн тоо байдаг. Найз нөхдийн хүрээлэлтэйгээ холбоотой байдаг.

- Та болон ер нь АНУ-д амьдарч буй монголчууд маань өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ? 

- Ерөнхийдөө монголчууд маань бэлтгэл сайтай байгаа гэж би харж байна. Хоол хүнс, ахуйн хэрэглээний бараагаа сайн нөөцөлж чадсан. Миний хувьд ДЭМБ-ын сайт руу орж өдөр тутмын мэдээлэл авч байна. Миний амьдарч буй Таун хороололд коронавирусийн халдвар харьцангуй тайван байна. АНУ-д монгол хүн энэ халдварыг аваагүй байгаад баярлаж сууна. 

-Таны хувьд ер нь хэр хүнсний хангамжтай байгаа вэ? Хүнс, ахуйгаа хэрхэн цуглуулж байна вэ?

-АНУ-ын засгийн газраас халдвар дэгдсэнтэй холбоотой долоо долоо хоногоор хүнсээ нөөцөл гэсэн зөвлөмж гаргасан. Гэхдээ иргэдийн хувьд хүнсийг их хэмжээгээр буюу 2-оос дээш сараар нөөцлөх тохиолдол цөөнгүй байна. Тийм учраас зарим өргөн хэрэглээний хүнс болон ахуйн барааны хомсдол үүссэн гэж хэлж болно. Тийм ч учраас томоохон хүнсний худалдааны төвүүд нэг хүнд зарим нэр төрлийн барааг хоёроос дээш худалдахгүй гэсэн хязгаар хүртэл тавьсан. Миний хувьд хоёр долоо хоногийн хүнсээ базааж чадсан /инээв/. 

-АНУ-д 00-ийн цаас буюу ариун цэврийн цаасыг иргэд их хэмжээгээр нөөцөлж байна. Та амьдарч буй хүний хувьд энэ талаар юу гэж бодож байна вэ? 

-Үнэн. Яагаад ийнхүү ариун цэврийн цаас цуглуулж буйг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ интернетээр маскыг 00-ийн цаасаар хийж болно гэсэн учраас ингэж байж магадгүй. Миний амьдарч буй хэсэгт ариун цэврийн цаас болон маск олдохгүй байна. 

-Монгол улсын ЭСЯ-наас монгол иргэдтэйгээ холбогдсон уу? 

-Ерөнхий консулын газраас холбогдсон зүйл байхгүй. 

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн авч байна вэ? Хүндрэл учирч байна уу?

-Энд гадаадын иргэд эрүүл мэндийн тусламж үйчилгээ авахад маш их хүндрэлтэй байдаг. Тэр тусмаа эрүүл мэндийн даатгалгүй гадаад иргэд тусламж үйлчилгээ авахад олон бэрхшээл тулгардаг. Энд сурдаг монгол оюутнууд дийлэнхи нь эрүүл мэндийн даатгалгүй байдаг учраас төлбөр мөнгө, цаг авах, оочер дараалал гээд бэрхшээл үүсдэг. Гэхдээ АНУ-ын засгийн газраас коронавирусийн тестийг үнэгүй авах шийдвэр гаргасан байсан. 

-Европ болон Америкт Азиудийг гадуурхах үзэл гарсан байсан? 

-Миний амьдарч буй хотод ийм үзэл харьцангуй бага. Гэхдээ Коронавирусийг "Chinese вирус" гэж зарим хүмүүс нэрлэх нь бий шүү. 

-Монгол улсын засгийн газраас тусгай үүргийн онгоц гаргаж гадаадад буй иргэдээ татаж байна. АНУ-д амьдарч буй монгол иргэдэд ийм хүлээлт байна уу? 

-Коронавирусийн халдвар тавдугаар сараас намжина гэсэн мэдээллийг энд өгч байгаа. Тийм учраас байнга оршин суудаг иргэд төдийлөн нутаг буцна гэх хүлээлт гайгүй гэж бодож байна. Харин аялал, томилолт гэх мэт түр хугацаагаар ирсэн хүмүүст иймэрхүү хүлээлт байгаа юм шиг мэдрэгдсэн.

Ярилцсанд баярлалаа.

 

-

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)

ШИНЭ
ЭРЭЛТТЭЙ