11-р сарын 21, Пүрэв
|||||

П.Батчимэг: МАН өнгөрсөн найман жилд өрийг 9 тэрбум долларт хүргэснээс өөрөөр өр дарсан зүйлгүй

XOT.mn
2023/12/14 / Улс төр
 

Ажилгүйдэл, ядуурал гаарч, иргэдийн цалин орлого хүрэлцэхгүй улсын эдийн засаг гацаанд байна. Төрийн дарамт, өрийн дарамт хэнийг ч ялгахгүй байна шүү дээ.

– “Өрийн дарамтгүй Монголын төлөө” Үндэсний хөдөлгөөнийг Ардчилсан намын дэд дарга нар түүчээлж байна. Таны Дорнодод ажиллах үедээ хэлсэн үг олны анхаарлыг нэлээд татсан. Үндэсний хөдөлгөөний явц ямархуу байна вэ?

– “Өрийн дарамтгүй Монголын төлөө” Үндэсний хөдөлгөөн иргэдий н дэмжлэгийг ихэд татаж байна. Өргүй өрх, хүн, аж ахуйн нэгж алга.

Бүгд санаа зовж, шийдэл хайж байгаа. Гэтэл эрх баригчид орлого олох том том төсөл хэрэгжүүлж, өрийг орлогоор дарахын оронд өрийг өрөөр дарчихаад, бид эдний тавьсан өрийг дарсан гэж тархи угаахыг чармайж байна. Үнэндээ 2016 онд 4 тэрбум орчим байсан Засгийн газрын өрийн хэмжээ сүүлийн долоон жилд 9 тэрбум болж өссөн. Хаана ямар өр дарагдсан юм бэ? Асуумаар байна. Дараад байхад өсөөд байдаг өр гэж юу байх вэ? Эрх баригчдын дунд өрийн дарамт үүсээд байгаад анхаарч, ач холбогдол өгч байгаа ганц ч хүн алга. Хоосон яриа л явах юм. Монголын өрийг анхаарч байгаа нэг улс төрч МАН-д байна уу. Та хэл дээ. Өрийн дарамт алсуураа эдийн засгийг сулруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж, тусгаар тогтнолыг ганхуулдаг маш эрсдэлтэй хүчин зүйл шүү. Шриланка, Тажикстан улсууд гадаад өрийн дарамтад орж газар нутгаа, боомтоо алдсан бэлэн жишээ ч бий.

Хоёрдугаарт, Ардчилсан нам төрийн дарамтаас иргэдээ чөлөөлж, өрийн дарамтаас улсаа гаргах асуудалд нухацтай анхаарал тавьж, дараагийн гарц гаргалгаа тооцоо, судалгаагаа гаргачихсан. Бид шийднэ. Өрийг орлогоор, бүр маш их хэмжээний экспортын орлогоор л дардаг. Том төслүүд өрнүүлж, олон ажлын байр бий болгож иргэдийг ахуйн өрнөөс гаргадаг. Бидэнд төслүүд бий. Ард түмэн бидэнд эрх өгсөн өдрөөс хэрэгжүүлж эхлэх тооцоо судалгаатай, хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхой төслүүд олон байна.

Сангийн сайд Б.Жавхлан илт худал мэдээлэл өгдөг. Тэр Монголын нийт өр ДНБ-ий 44 хувийг эзэлж байгаа гэсэн. Гэтэл НҮБ-аас танай өр ДНБ-ийхээ 72 хувьд хүрчихлээ, аюулын дохио өгч байна гээд мэдэгдчихсэн. Монголын эдийн засгийн тусгаар тогтнол эрсдэлт нөхцөлд орсныг энэ тооноос ойлгож болно.

 Ардчилсан нам л өр тавьсан гэж МАН-ынхан тоть шиг давтдагт үнэний ор бий юу?

– Эхлээд өр, зээл хоёроо ялгадаг болмоор байна, МАН. Бид том төслүүд эхлүүлэх гэж, ажлын байрыг мянга мянгаар нь гаргах гэж зээл авсан. Зээл бол зах зээлийн нийгэмд эдийн засгийг хөдөлгөдөг гол хүчин зүйлийн нэг. Гэтэл 2016 он хүртэл хэвийн хэрэгжүүлж байсан төслүүдийг гацааж, хэвийн төлөгдөж явсан зээлийг зогсоогоод “өр” болгосон нь МАН. Зээл төлөгдөхгүй бол өр болдог. Өөрсдөө өр болгочихоод “Энэ миний тавьсан өр биш, тэдний өр” гэх бол адаглаад ёс зүйгүй үйлдэл шүү. Чиний миний авсан зээл гэж байхгүй, монгол улсын авсан зээл л гэж байдаг. Зээлийг өр болгож муутгах ёсгүй байсан. Эдийн засгийг удирдах чадвар, гол нь сэтгэл дутсанаас л өр болчихсон.

Хоёрдугаарт, бид хэн нэгнийг буруутгах, яллах гээгүй, алдаа оноогоо ярьж байгаа. Өрийн дарамтгүй Монгол болчихвол нийтээрээ л хожно.

2016 оны сонгуулийн дараа Монгол Улс 4.8 тэрбум ам.долларын зээлтэй байсан. ҮСГ, Сангийн яамны сайтаас энэ тоог харчихаж болно. Өнгөрсөн долоон жилд 4.8 тэрбум ам.долларын зээлийг төлөхгүй удсаар өр болгоод, өнөөдөр 9.5 тэрбум ам.долларын өртэй гээд сууж байгаа.

Одоо манай улсын нэг хүнд ноогдох өр 33 сая төгрөг болсон. 2016 оноос хойш төрийн бүх эрхийг дангаар атгаж байгаа МАН гадаад өрийг улам нэмсэн. Төгрөгийн ханшийг навс сулруулсан. Инфляциа барьж чадахгүй алдчихсан. Цалингийн нэмэгдэл чинь инфляцид идэгдээд ямар ч нөлөө байхгүй болчихлоо. МАН орлогоо өсгөх бодлогын шийдэл, өөрчлөлт гаргаагүй байж Ардчилсан нам руу бүх буруугаа чихэх гэж уйлагнах нь инээдтэй байна.

Та өрийн дарамтаас гаргах бодлого, шийдлээ Ардчилсан нам боловсруулчихсан гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаад олны хүртээл болох байх. Одоо дэлгэж болох зарим нэг санааг хэлье. Төсвийн зардал хэт өндөр, зарцуулалт нь хяналтгүй, үрэлгэн байна. Төсвийг байнга тэлэх бодлого явуулж байгаа нь улсын эдийн засгийг сульдааж байгаа гол хүчин зүйл юм. Төсөв үр дүнтэй, арвич, хямгач байх ёстой. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө гэдгийг хатуу ойлгож хөшөө гэх мэт зүйлст төсвийг зарцуулах ёсгүй.

Есөн шидийн санг үүсгээд зориулалт бусаар ашигладаг жишиг тогтлоо. Бүгд ЖДҮХС-гийн хэргийг санаж байгаа. Монголын хөгжлийн төлөө биш өөрсдийн хэрэглээнд тохируулсан сангуудыг МАН бий болгож, цөлмөдөг хэв маяг тогтчихлоо шүү дээ. Төсвийн алдагдал уламжлал боллоо. Жилээс жилд төсвийн алдагдал нэмэгдэж, төлөөсөнд нь төгрөгийн ханш суларч, иргэд амьдралаараа төлж байна. Тиймээс төсвийн зардлыг бууруулах хэрэгтэй. Ингэж байж Монголбанкны бодлогын хүү буурна. Зах зээлийн цусны эргэлт болох мөнгөний эргэлт чөлөөтэй болно. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлнэ. Өнөөдөр иргэд дунджаар жилийн 30 орчим хувийн хүүтэй зээл авч байгаа. Тэр зээлийн хүү эрс буурна. Урдах төлбөрүүдээ хийгээгүй байхад нэмж бонд гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Татварын бодлогыг оновчлох шаардлагатай болчихож. Тэнцвэргүй, шударга бус татварын тогтолцоо компаниудыг нэрлэж, бизнес эрхлэх урам зоригийг мохоож байна. Тэр нь иргэдийн цалингийн өсөлтийг ч боомилж байгаа юм. 2020 онд намайг Дорнодод нэр дэвшиж байхад иргэд хүнд байсан. Тэгвэл өнөөдөр бүр хүнд байдалд орчихож. Хот хөдөөгүй иргэд өрөөс өр, зээлээс зээлийн хооронд өл залгаж байна.

-Та төсөв бүрдүүлдэг татвар төлөөлөгчийнхөө хувьд өнөөдрийн бизнесийн орчны талаар нэг өгүүлбэрээр дүгнэлтээ хэлж өгөх үү?

-Нийт иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас эдийн засаг алсуураа ганхаж байна. Төрийн дарамт, өрийн дарамт хэнийг ч ялгахгүй байна шүү дээ.

Б.ДОРЖ Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан