11-р сарын 21, Пүрэв
|||||

Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралд сайд Б.Дэлгэрсайхан, Засаг дарга Х.Нямбаатар нар танилцуулга хийлээ

XOT.mn
2024/01/23 / Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дээрх 16 журмаас өнөөдөр есийнх нь танилцуулгыг хийв. Юуны түрүүнд Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг танилцууллаа. Журмаар энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга удирдах юм. Сангийн хөрөнгө нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд заасны дагуу авто замын төлбөртэй бүсийн төлбөрөөс бүрдэнэ. Мөн нийтийн тээврийн автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс төлөх төлбөр, нийтийн тээврийн хэрэгслийн гадна дотно байршуулсан болон автобусан дахь дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлогоос бүрдүүлэхээр тооцжээ. Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийт 600 автобус оруулж ирж байгаа бөгөөд энэ сардаа багтаж бүгд Улаанбаатарт ирнэ гэлээ. Мөн эдгээр автобусыг нийслэлийн харьяа олон нийтийн өмчит автобус компани болон хувийн секторуудад өгөхөөр төлөвлөж байгаа аж. Тэгэхдээ Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмын дагуу эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох юм. Тэрбээр “Нийтийн тээврийг хөгжүүлэх санг мөнгөжүүлж чадвал дахин дунд оврын болон их багтаамжийн автобус худалдан авах боломж бүрдэнэ. Мөн такси үйлчилгээ, дүүжин тээвэр, метро зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгслийн төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. Энэхүү асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.  

Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ

Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв. Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ ихээр нэмэгдсэн. Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг аж. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь авто зогсоолын нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх юм байна. Зогсоолыг:

  • Төвлөрсөн ил авто зогсоол
  • Төвлөрсөн дотор авто зогсоол
  • Орон сууцны хороолол дундах авто зогсоол
  • Гудамж, зам дагуух авто зогсоол
  • Их багтаамжтай газар доорх авто зогсоол
  • Их багтаамжтай олон давхар зогсоол
  • Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.

Мөн авто зогсоол барьж байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь дотоод гадаадын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр барьж байгуулах боломжтой байхаар тусгажээ.

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав

Зөвлөлийн хурлаар мөн нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тотгоох тухай асуудлыг хэлэлцэв. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй байна. 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Гэвч өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг автозамын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм. Мөн энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн автозамын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулсан юм.Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгч П.Ганзориг хязгаартай олгож эхэлснээр  дугаарын үнэ өсөх, дамлах, мэдээлэл болон шийдвэр гаргахад ойр хүмүүс өөртөө давуу байдал бий болгохгүй байх зохицуулалтыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодрууллаа. Тухайлбал, 2-оос дээш дугаар эзэмшигчээс татвар тогтоох гэх мэт зохицуулалтын арга хэмжээг авах ёстойг санууллаа. Төлөөлөгчийн саналыг хэлэлцүүлгийн явцад төсөлд тусгах боломжтой аж.

Мөн авто тээврийн хэрэгслийн өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг хэлэлцэв.  Төсөлд албан татварын хэмжээг дараах байдлаар ногдуулахаар тусгажээ.  

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ

Жилд ногдуулах албан татварын хэмжээ ₮

 

Мотоцикль /2 дугуйтай/

2500

 

Мотоцикль /3 дугуйтай/

4000

 

Суудлын автомашин:

 

-       2001 см3 хүртэл

-       2001-3001 см3 хүртэл

-       3001 см3 болон түүнээс дээш

Цилиндрйн багтаамжийн нэг см3 тутамд

24

27

33

 

Микробус /15 хүртэл суудалтай /

35000

 

Автобус

52000

 

 

 

 

Ачааны машин: /даацаар-тонн/

-       1/1 хүртэл тонн

-       1-2 тонн

-       2-3 тонн

-       3-5 тонн

-       5-8 тонн

-       8-10 тонн

-       10-20 тонн

-       20-30 тонн

-       30-40 тонн

-       40-50 тонн

-       50-60 тонн

-       60-70 тонн

-       70-80 тонн

-       80-90 тонн

-       90-100 тонн

-       100 тонноос дээш

 

30000

45000

55000

75000

120000

135000

150000

210000

270000

330000

420000

480000

540000

600000

660000

720000

 

Тусгай зориулалтын автомашин

16000

 

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18000

 

Бага оврын трактор

8000

 

Чиргүүл -даацын 1 тонн тутамд

8000

 

Цахилгаан автомашин

0

 

Нийтийн тээвэрт нэг төлөлтөөр 4 удаа үйлчлүүлэх төлбөрийг ₮1000 болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг мөн хуралд танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг удаагийн энэ төлбөрөөр өдөрт 4 удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүрдэнэ. Улмаар иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурна, мөн хэмжээгээр нийтийн тээврийн салбарын алдагдал буурна гэж тооцож байгаа юм.

Товчхон:

  • Нийслэлийн зам талбайн цэвэрлэгээний тариф 1 м/кв нь 50 төгрөг байгааг 70 болгон нэмэгдүүлэхээр танилцууллаа. Ийн нэмэгдүүлж байгаа нь шатахууны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан өөрчлөлт юм.
  • Монгол улс, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас Нийслэлийн ИТХ-д, Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатар хотын аль нэг гудамжийг Лондон хотын нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна. Улмаар Баянгол дүүрэг 26-р хороо, Нарны гүүрээс зүүн тийш Нарны хорооллын дагуу, Чингисийн өргөн чөлөөний доогуур зүүн тийш Нарны замын нүхэн гарц хүртэл 1,8 км авто замыг Лондонгийн гудамж хэмээн нэрлэхээр төлөвлөж байна.
  • Чингис хааны есөн өрлөгийн нэг Урианхан овгийн Хабаны хөвүүн Сүбээдэй баатрын мэндэлсний 850 жилийн ой 2025 онд болно. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шагайн харвааны зүүн тал, Нийслэл хүрээ өргөн чөлөөнөөс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талаар Махатма Гандигийн гудамж хүртэл 0.5 км авто замыг Сүбээдэй баатрын гудамж хэмээн нэршүүлэх саналыг тус тус ирүүлжээ.
  • Нийслэлийн төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийн хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, Богд уул мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд хамрагдсан. Мөн СХД-ийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Шар цэрэгт” гэх газрын хориглосон бүсийн хязгаарыг нэмэгдүүлэх санал гаргасан юм. Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдсон зардлыг нөхөн төлүүлэх журмыг танилцууллаа. Эдгээр болон бусад асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан