Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул өнгөрсөн наймдугаар сарын 10-аас эхлэн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа.Багш нар цалин нэмэгдүүлэх дээрх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн боловч одоогоор шийдэлтэй хариу аваагүй байгаа юм. . Тэдний зүгээс цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавиад байгаа юм. Иймээс энэ асуудалд улс төрчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга
Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Миний бие багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. МУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартаа багш нарын асуудлаар уулзсан. Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт биш 1,3 сая төгрөгт хүргэж болох тооцооллыг би гаргасан. Ингэхдээ хоёр эх үүсвэрээр мөнгө босгож болно. Нэгдүгээрт, жилд 4 сая цаашлаад 40 саяын төлбөр төлөөд хувийн сургуульд хүүхдээ сургаж байна. 1 саяас дээш төлбөр авч байгаа бол тэдгээр хүүхдийн хувьсах зардлыг төр даахаа болъё. Өөрөөр хэлбэл хувийн сургуулиуд зах зээлийн зарчмаараа явах. Хоёрдугаарт 36 сарын тэтгэмжийг болиулах. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал,байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь үл ялгаварлана” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр ялгаварлаж байна.Жирийн иргэн ажиллаж ажиллачхаад 36 сарын тэтгэмж авдаггүй атлаа багш нар аваад байдаг. Энэ хуримтлалын мөнгөөр багш нарын цалинг 1,3 сая төгрөгт хүргэх боломж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
Багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Учир нь энэ асуудал зүгээр л багш нарын цалингийн тухай асуудал биш. Монгол Улсын шинэ үеийг бэлдэхэд буюу суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх ёстой вэ гэдэгт асуулга өгч байгаа зүйл гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Мэдээж цалинг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ шинэ үеэ бэлдэхэд нөхцөл бололцоо, ур чадварыг бий болгоход уялдуулсан цалингийн шинэчлэл хэрэгтэй байгаа. Боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй зүйл гэдэг талаас нь бид харж байгаа. Ерөнхий сайдад энэ талаас нь уг асуудалд хандаасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
Боловсролоос мөнгө харамлаж болохгүй. Энэ дэд сайд, агентлаг болгонд тавьсан 2-3 дэд дарга нарыг цомхтгож багш нарын цалинг нэмэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
Багш, эмч нарын цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг Миний бие УИХ-ын гишүүн болсон өдрөөс тавьж ирсэн. Иймээс багш нарын цалингаа нэмүүлэх асуудлыг 100 хувь дэмжиж байна. Энэ асуудлыг намрын чуулганаар оруулж ирэхийг Засгийн газарт хандаж тавина"