Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны эхний 9 сарын байдлаарх мэдээллийг танилцуулсан бөгөөд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарч эдийн засаг сэргэж буйг илтгэлээ. Үүнд, төлбөрийн тэнцэл 2011 оны мөн үетэй тэнцэхүйц буюу 201 сая ам.долларын ашигтай, гадаад худалдааны тэнцэл 2015 оны мөн үеэс хойш 767 сая ам.доллароор өсч 1,452 сая ам.долларын ашигтай, гадаад валютын албан нөөц (2017 оны эхний 8 сар буюу нэг сарын хоцрогдолтой) он гарсаар 43.2 хувь буюу 482 сая ам.доллароор өсч 1.6 тэрбум ам.долларт хүрч тус тус өсчээ. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64% -аар буурч 737 тэрбум төгрөгт хүрч, ам.долларын албан ханш оны эхнээс 1%-аар суларснаар Монгол Улсын эдийн засаг тогтворжиж байгааг илтгэсэн явдал боллоо.
Үүний зэрэгцээ Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ) нь 2017 оны 3 дугаар улиралд үндсэн үйл ажиллагааны хүрээнд гадаадын банк санхүүгийн байгууллагаас нийт 96.6 сая ам.долларын эх үүсвэр бие даан татан төвлөрүүлээд байна.
Ингэснээр Монгол Улсын гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, дотоодын валютын хэрэгцээг зохистой түвшинд хангаж, ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлсэн төдийгүй олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Мөн өрийн удирдлагын тухай хуулийн дагуу төсөвт тусгагдаагүй эх үүсвэр бие даан бүрдүүлсэн зэргээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг тодорхой түвшинд дэмжиж ажиллалаа.
Иймд МУХБ нь цаашид олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх замаар үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллах болно.
ХӨГЖЛИЙН БАНК