2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор түншлэгч талууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэдэн өдөр үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцжээ. Энэ удаагийн нэмэлт хэлэлцээрт төрийн албан хаагчийн бодит орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Үүнд төсвийн байгууллагын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 2017, 2018 онд 112 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулж, зарцуулалтыг нь Засгийн газраас батлах журамд нэмэлт оруулахыг салбар салбарын хэлэлцээрээр нарийн зохицуулахаар тохиролцсон байна. Мөн 2018 онд инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, талаар олон улсын валютын сантай хэлэлцэж, ирэх оны хоёрдугаар улиралд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх талаар талууд нэмэлт хэлэлцээ хийхээр болжээ. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын байрыг онооны аргаар үнэлэх замаар ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох ажлыг ЭМЯ болон салбарын үйлдэрчний эвлэлийн байгуулагатай хамтран ажиллахаар болжээ. Энэ ажлыг 2017 онд багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр хэлэлцээрт тусгажээ. Нэмэгдэл хөлс, урамшуулалтай холбоотой Засгийн газрын тогтоолоор баталсан 7, салбарын сайдын болон хамтарсан тушаалаар баталсан 5, нийт 12 журмыг шинэчлэх замаар үйлчилгээний албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд анхаарах үүргийг талууд хүлээв. Уг хэлэлцээрийн хүрээнд нийгмийн эмзэг ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх зорилгоор 2017, 2018 оны улсын төсөвт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалинтай ээж хөтөлбөрт 208.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын болон тэтгэвэрт 136.8 тэрбум төгрөг тус тус тусгаж хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн орлого багатай иргэдийн татвар, нийгмийн даатгалын шимэтгэлийн дарамтыг басгасгах зорилгоор 2018 онд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг 50 хувиар бууруулахаар болжээ.
Г.Цэнд-Аюуш