4-р сарын 29, Даваа
УЛААНБААТАР 7°C

Х.Баттулга:Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа асуудал байхгүй

XOT.mn
2024/01/10 / Улс төр

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага гардуулан өглөө. Энэ талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга мэдээлэл хийв. 

Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа “Хөрөнгө оруулалтын тухай хууль” гэгчийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, Г.Занданшатартай Аюулгүйн зөвлөлд хамт ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлаа олон нийтээр хэлэлцүүлээч хэмээн шаардлага өглөө. Яагаад гэвэл газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа. Энэ нарийн асуудлыг 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй, томосгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол тэрхүү бүтцээрээ хэлэлцүүлээч ээ. 1993 онд тавигдсан гадаадын хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларыг 2013 оны 100 мянган ам.доллар хэмээн үргэлжлүүлэн, толгой эргүүлж яриад байгаа юм. 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр өнөөдөр ямар ч хүн орж ирээд, манай газар нутагт газар эзэмшээд, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь. Иргэдээрээ хэлэлцүүлээч, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцээч гэдэг асуудлыг Ерөнхийлөгч байсан хүний хувьд, санаа зовнин АН-ын гишүүдтэйгээ, залуучуудтайгаа ярилцан, шаардлага гаргаж, УИХ-ын даргатай орж уулзлаа. 

-УИХ-ын дарга Г.Занданшатар шаардлагыг хэрхэн хүлээж авав?

-Хүлээж авлаа. Зөв талаас нь дэмжиж байна. 

-Гадны хөрөнгө оруулалт багасаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Гадны хөрөнгө оруулалт юунаас болж багассанг та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан, тухайн үед Японы ерөнхий сайд Ш.Абэ байсан. Ш.Абэ монголд ирээд Өмнөговийн Тавантолгойд хөрөнгө оруулна гээд санамж бичиг зурсан. Ингээд санамж бичиг зураад япон хөрөнгө оруулах юм байна гэтэл дараахан нь асар том довтолгоо болсон. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудалд намайг байхад дайрч, УИХ-ын гишүүн байхад минь баривчлана гэсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Ингээд японы томоохон хөрөнгө оруулалтыг зогсоосон. Ерөнхий сайд Н.Алтанхуяг байх үед Тавантолгойд олон орны Энэтхэг, Бразил, Орос-Японы консерциум гээд гадны хөрөнгө оруулах олон төслийг ганцхан шийдвэрээр болиод Хятадын Шинхуа гэх компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учраас энэ тал дээрээ эргэн хараач ээ гэсэн саналууд байна. 

-Энэ хууль батлагдвал ямар сөрөг нөлөөтэй гэж та харж байна вэ?

-Өрөөсгөл хууль. Намын шийдвэр гарлаа. Намын шийдвэрийг гаргалаа гээд яваад байх юм бол намын бүлэг 3 сая монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй. 

-Төмөр замаар танк орж ирнэ гэдэг шиг энэ хуулийг хүмүүс хараад байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад ямар бодлого хэрэгтэй вэ?

-Манай хууль тогтоомж нь өөрөө тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг нь дэлхий даяар юу гэж өөрчлөгдөөд байна гэхээр Гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг хуулиар өөрчлөгдсөн. 

-Та Ерөнхийлөгч байх хугацаанд Ч.Хүрэлбаатарын санаачилсан хуулиудад хориг тавьдаг байсан. Тэгэхээр хувь хүн талаасаа хандаад байгаа юм биш үү?

-Хувь хүн талаасаа ямар ч асуудал Хүрэлбаатар бид хоёрын хооронд байхгүй. 

-Нүүрсний сонсголд та ямар шалтгаанаар ирээгүй вэ?

-Ирсэн шүү дээ. Ирээд тайлбараа хэлсэн. 

-Та офтейк гэрээг нууцын зэрэглэлд оруулсан. Яагаад нууцад оруулсан юм бэ?

-Ерөнхийлөгч офтейк гэрээ хийдэггүй. 

-Тог, цахилгаан таслахад таныг нөлөөлсөн гээд байгаа?

-Одоо ер нь нөлөөлөөгүй юм байгаа юм уу. Ингээд харахад нэг хүн халитраад унахад хүртэл намайг л бичсэн байна. 

-Төмөр замын асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Төмөр замын асуудал бол монголчуудын бахархал. Гадаадын хөрөнгө оруулалтгүй монголчууд өөрсдөө барьсан. 

-Мухар гээд байгаа?

-Мухар төмөр зам биш ээ. Эдийн засгийг дээшлүүлэх, говийг эзэншүүлсэн асар том төрийн бодлого хэрэгжсэн. Үүнд хорсоод байгаа хүмүүс байх шиг байна. 

-Маш өндөр дүнгээр хийсэн гэх зүйл яригдаад байгаа?

-Үгүй.

-Их хурлын сонгуульд та нэр дэвших үү?

-Мэдэхгүй. Би дэвшихгүй байх. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан