5-р сарын 10, Баасан
УЛААНБААТАР 7°C

“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт боллоо

XOT.mn
2017/11/10 / Нийгэм

Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэлсэн юмаа.

Тус үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд, “Мөнххайрханы соёл”-ын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, “Буган хөшөөт хиригсүүрийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл”-ын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг олдворууд багтсан байна. Мөн Архангай, Булган зэрэг аймгийн нутаг дахь хүннүчүүдийн булшнаас олдсон сүйх тэрэг болон морины алт, мөнгө, хүрэл тоног, чимэглэлүүд болон хүннүчүүд алт, мөнгө, хүрэл, төмөр олборлон хийж байсан хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага, жадны гилбэр, сүх, хоёр талдаа иртэй шулуун сэлэм, тэдгээрийг ирлэж байсан билүү, гуранз зэрэг эдлэл хэрэглэлийг дэлгэжээ.

Бас Ромын эзэнт улсын үед үйлдвэрлэсэн цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн маш нимгэн шилэн аяга үзэсгэлэнд тавигдсан нь Ази тивд төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал ажээ. Үзэсгэлэнгийн хамгийн ховор үзмэрийн нэг нь халтар хашаар хийсэн 23 см голч бүхий сийлбэртэй чамин тансаг толь юм.

Үзэсгэлэнг энэ сарыг дуустал олон нийтэд үзүүлэх ажээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд XOT.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан