Баяр дөхөхийн хэрээр эрэлт дагасан зохиомол үнэ хөөрөгдөл зах, зарим худалдааны төвд ихэсдэг. Эдийн засаг хүнд, иргэдийн амьдралд цалин орлого нь хүрэлцэхгүй байгаа ч монголчууд баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай учир үүнд тэр бүр ажирдаггүй. Гэхдээ энэ байдлыг худалдаа эрхлэгчид овжноор ашиглаж эрэлт сайтай бүтээгдэхүүнийхээ үнийг хэд нугалж нэмдэг нь гол асуудал. Далд эдийн засаг эд өрнөдөг захуудад ганц гэлтгүй лангууны худалдагчид зарим барааны үнээ эрс нэмдэг асуудалд хэн ч хяналт тавьдаггүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдийн гомдол саналын дагуу цагаан сарын баярыг угтан худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг. Үүнийг эс тооцвол баяр бүртэй уралдаж хэрэгцээт хүнс барааны үнэ нэмдэг хүмүүст тооцох хариуцлага муу байна.
Нэг талаар овжин мэт үнэ нэмж байгаа арга нь худалдааны соёл төлөвшөөгүй, далд эдийн засгийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр.
Тодруулбал, жил бүрийн өдийд хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалах тохиолдол гардаг. Ууцнаас гадна баяр угтсан үнийн хөөрөгдөл хүнсний өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүнд гардаг. Тиймээс иргэд жилд тоотой хэд болдог баяруудыг угтаж үнэ нэмдэг байдлаа халахыг хүсч байна.
Үйлдвэрлэгч болоод импортлогч харилцагчид нь үнээ нэмээгүй байхад худалдагчид дур мэдэн лангууны үнээ өсгөж байгаа бол үүнд Зөрчлийн хууль үйлчлэх ёстой.
Уут, савлагаатай бүтээгдэхүүн болон жижиглэнгээр худалдаалдаг аль нь ч бай үнийг худалдаа эрхлэгч шалтгаангүй бол түүнд тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэйг иргэд илэрхийлж буй. Уг нь хуулийн зүйл заалтад энэ тохиолдлыг тусгасан байдаг ч албаныхан тэр хяналт тавьж торгууль тооцох нь ховор. Тиймээс иргэд өөрсдөө зохиомлоор үнэ нэмсэн асуудлаар ШӨХТГ-т хандах боломжтой.
ҮНЭ ЗОХИОМЛООР НЭМСЭН БОЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар зохиомлоор үнэ нэмсэн этгээдэд хариуцлага тоох заалттай.
Үүнд,
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,
- Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.
Тиймээс албаныхан хариуцлага тооцоогүй байлаа гэхэд иргэд худалдаа эрхлэгчдээс шаардах бүрэн эрхтэй. Харин худалдаа эрхлэгчид тухайн иргэний санал хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд холбогдох байгууллагад зах, худалдааны төвийн нэр, лангууны дугаар, бүтээгдэхүүний үнийн мэдээллийг нээлттэй мэдээлэх боломжтой байна. Ингэснээр хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Жижиглэнгийн худалдаа эрхлэгч болон нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨА