Төв аймагт ангийн багш нь найман настай хүүгийн үүдэн шүдийг нь цөм өшиглөсөн хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах есөн жилийн сургалттай Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш Н.Эрдэнэцэцэг найман настай хүү Өсөхбаярыг нүүр лүү нь өшиглөн үүдэн хоёр шүдийг цөм өшиглөжээ.
Тухайн хэрэг гардаг өдөр ангийн багш нь Өсөхбаяр хүүг “Ангийнхаа хүүхэдтэй зодолдлоо” хэмээн өшиглөж, үүдэн хоёр шүдийг нь унагачихлаа гэж тайлбарлан хэлсэн байна. Харин хүүгийн ар гэрийнхэн хүүг эмнэлэгт үзүүлэхэд байгалиараа унаагүй, хатуу зүйлээр цохисны улмаас унасан гэж дүгнэсэн аж.
Энэ талаар хүүгийн аав нэгэн телевизэд утсаар мэдээлэл өгөхдөө “Манай хүү удаа дараа багш зодоод хэмээн хэлдэг байсан. Би одоохондоо цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн багшийг ирж уулзаад уучлалт гуйх байх гэж бодсон. Харин огтоос тоохгүй байх юм. Манай хүү хичээлдээ явдаггүй, яваад ирэхээрээ багш зодоод гэсээр ирдэг” гэжээ.
Хүүгийн эгч нь хэлэхдээ “Манай дүү аавдаа багш зодоод хичээл зааж өгөхгүй байна гэж байнга хэлдэг гэсэн. Манай дүүгийн ээж нь байхгүй аавтайгаа хоёулханаа амьдардаг. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид байхдаа хичээлээ хаяж байсан. Харин багш нь хэлэхдээ, би Өсөхбаярыг байнга л дэмжиж, харж ханддаг. Та буруугаар ойлгоод байна шүү дээ гэж байсан юм” хэмээжээ.
Ийм хэрэг гарсан эсэх талаар “Шижир-Алт” сургуулийн захирлаас тодруулахад “Тийм байна лээ, би мэдсэн. Одоогоор манай сургууль тухайн хүүхдийн талаар сумын ЗДТГ болон хүүхдийн эрхийг хамгаалах холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж, зохих тайлбар хийж байгаа гэв.
Одоогийн байдлаар энэхүү хэргийн улмаас хохирогч талаас цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа бөгөөд тухайн Эрдэнэцэцэг гэх багш хүүгийн аав дээр нөхөртэйгөө хамт очиж уучлалт гуйсан талаар эх сурвалж мэдээлэв.
Ямартаа ч хүүхдийн биед ноцтой гэмтэл учруулж, танхайрсан багшид сургуулийн зүгээс хариуцлага, ёс зүйн арга хэмжээ аваагүй байгаа юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагад хохирогчийн ар гэр өргөдөл гаргаагүй байгаа учраас шалгаж эхлээгүй гэх мэдээллийг өглөө.
Niislel.mn