Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал "Мандах наран" одонгоор шагнасныг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 7-ны өдөр гардуулав.С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 гаруй жил уйгагүй зүтгэж байгаа юм. Тэрээр 1997-2001 он, 2012-2017 онуудад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан туршлагатай дипломатч юм. С.Хүрэлбаатарын сэтгэл, зүтгэлийн үрээр эдүгээ 45 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол, Японы харилцаа Стратегийн дотно түншлэлийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байна.