© XOT.MN 2011-2021
11-р сарын 27, Бямба
Улаанбаатар хот
Дэлхийд

Энэ сард Монголын хоёр ч том төрийн байгууллага хакердуулж, иргэнийх нь мэдээлэл 700 доллараар “үнэлэгдэв”.

Арваннэгдүгээр сар гарсаар Монголын хоёр ч том төрийн байгууллага хакердуулж, хакеруудын хар зах дээр Монгол Улсын 2.3 сая иргэнийх нь мэдээлэл 700 доллараар “үнэлэгдэв”.  Тодруулбал, энэ сарын 11-нд Монголбанкны цахим хуудас хадлагад өртсөн. Хэдийгээр тус банкнаас халдлагад өртөөгүй хэмээн тайлбар хийсэн ч хакерыг үйлдсэн  "1877 Team” өөрсдийн телеграм хуудаснаа “Монголбанкны цахим хуудас, системийг хакердлаа” гэсэн бичлэг оруулсан байлаа. Энэ үйл явдлын маргааш хакерууд өөр нэгэн сюрприз монголчуудад барив. “Raidforums.com” гэх сайтын “Marketing Database” буюу зарын хэсэгт “PieWithNothing” гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар бүхий мэдээллийн санг 700 ам.доллар зарахаар байрлуулжээ. 2015 онд байгуулагдсан уг сайт нь олон улсын хакеруудын мэдээллээ солилцдог, наймаалцдаг сайт юм байна. Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэд буюу 2.3 сая иргэний хувийн мэдээлэл нь хаанаас алдагдаж, аль байгууллага мэдээллээ алдав гэдэгт хэн ч тайлбар хийсэнгүй. Аравдугаар сарын 6-нд байршсан гэх зараа одоо хүртэл байршсаар байна. Энэ хугацаанд 2.3 сая монголчуудын мэдээллийг хэдэн хүн худалдаж авсан нь одоо хүртэл тодорхойгүй.

 

Хакерууд “Монголын аюулгүй байдлын газрын цахим хуудсанд халдлаа” гэж бахархаад л сууж байг уу

Нүдэн балай, чихэн дүлий “Энэ талаар судалж байна. Судалсны дараагаар мэдээлэл өгнө. Одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсээр байтал Монголбанкны цахим хуудас руу халдлага үйлдсэн “1877 Team” өчигдөр буюу энэ сарын 18-нд Цагдаагийн ерөнхий газрын харьяа хоёр цахим хуудсыг хакердсан байна. Тодруулбал, “sas.police.gov.mn” буюу Гэрээт болон хувийн харуул хамгаалалтын бүртгэлийн систем болон “service.police.gov.mn” буюу Цагдаагийн байгууллагын цахим үйлчилгээний сайтыг тус тус хакерджээ. Энэ талаараа “1877 Team” өөрсдийн телеграм хуудаснаа “Монголын аюулгүй байдлын газрын цахим хуудсанд халдлаа” хэмээн пост оруулжээ. Цаашид аль төрийн байгууллагын сайт руу халдаад ингээд бахархаад сууж байх бол. "Аюулгүй байдлын газрын цахим хуудсанд чинь халдлаа" гэж анхааруулсаар суухад хууль хяналт, тагнуулын байгууллагынхан өдийг хүртэл таг чимээгүй. Бас Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэний мэдээлэл хар зах дээр цаашид зарагдсаар л байх уу. Энэ асуултад хэзээ хариулт өгөх вэ. Хакерууд “Монголын аюулгүй байдлын газрын цахим хуудсанд халдлаа” хэмээн бахархаад л сууж байг уу.

Нийтлэгч О.Эрдэнэчимэг Eagle News

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..