© XOT.MN 2011-2021
10-р сарын 21, Пүрэв
Улаанбаатар хот
Улаанбаатар

Сурвалжлага: Хотын захад бүтэн зам алга. Э. СОСОРБУРАМ

Сурвалжлага: Хотын захад бүтэн зам алга

Захын дүүргүүд буюу Дарь эх, Цагаан даваа, Цайз хавиар энд тэндгүй эвдэрч, хагарсан зам. Эвдэрхий замаас болж жолооч нарын тэвчээр ч барагдана. Замд таарсан том нүхийг тойрч гарахын тулд түгжрэл үүсгэж, машинаа эвдэх нь бий.  Гэвч, захын дүүргүүдийн  замыг хэзээ засах нь тодорхойгүй. Үнэндээ хотын удирдлагууд хотын төв хэсгээ анхаарахаас биш захын дүүргүүдийг хөсөр хаяж ирсэн.

Угтаа хотын захын дүүргүүд өнөөгийн нийслэлийн удирдлагуудын ажил амлалтын зөрүүг харуулах бодит гэрч болжээ. 

Жил бүр замын заадас засах урсгал засвар нөхөөс хийдэг. Гэвч, сүүлийн жилүүдэд гэр хорооллын замуудад гар хүрсэн шинж алга. Тэр замаар дарга нар давхихгүй учраас эвдрэл, гэмтлийг нь хайхрах, засах хүнгүй болсон байна. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар өнгөрсөн зургадугаар сард “Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол  томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн ч зам засвар, арчлалтын газартай хамтран төсөв, санхүүдээ тулгуурлан, зам засварын ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хийж эхэлсэн. Авто замын нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж, гүйцэтгэж байгаа” гэж байлаа.

Харамсалтай нь, Дарь эх, Цагаан даваа, Цайз орчмын  замуудыг засч янзалсан гэх зүйл  харагдсангүй. Аль эсхүл ганц, хоёрхон удаагийн хүчтэй борооны цохилт даахгүй богино настай зам тавьчив уу гэж эргэлзэхээр.

Хэд хоногоос цочир хүйтрэх цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Тэгэхээр лавтайяа гэр хорооллын замуудыг энэ жилдээ засахааргүй болж байх шиг.  Өвөл цас орж, халтиргаа гулгаа үүсэхээр эвдэрхий замаар явахад хүндрэл, бэрхшээл гардгийг жолооч нар хэлж байлаа.  Үнэндээ төсвөөс нь хулгайлдаг, танадаг болохоор л Монголын замыг  “Талхан дээр нимгэн масло түрхсэн мэт замууд” гэж иргэд шүүмжилдэг байх.

хотын төвийн зам

Авто замын эвдрэл гэмтлээс болж тээврийн хэрэгслийн явах эд анги эвдрэх, цахилгаан автомашины тэнхлэг тохиргоо алдагдаж, засвар хийх шаардлагатай болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, "Deluxe" авто центрийн инженер “Манай төвөөр үйлчлүүлж буй жолооч нарын тээврийн хэрэгслийн явах эд анги нь ихэвчлэн гэмтэж байна. Мөн тэнхлэг тохиргоо алдагдах, тульк, амортизатор муудаж байна. Ер нь замын эвдрэл гэмтлээс болж машины эд анги муудаж, эвдэрч байна гэж бид харж байгаа. Машины дугуй, обуд хагарч, тэнхлэг тохиргоо алдагдсан гэж жолооч нар их үйлчлүүлдэг. Тухайн нүхийг тойрох гэж байгаад замын боржур мөргөсний улмаас машиных нь эд анги гэмтдэг.  Цахилгаан автомашины хувьд тэнхлэг тохиргоо нь их алдагдана. Жишээ нь зөвхөн амортизатор муудахад бусад эд анги нь ч бас муудна” гэв.

Жилийн жилд л замын нөхөөсөнд хэдэн арван тэрбум зарцуулдаг гэх мэдээлэл бий. Намрын улиралд замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих хуваарийг нэг хэсэгтээ л өөрчлөн байж зам засварын ажлыг хийдэг учраас эхнээс нь чанартай, баталгаатай, борооны ус зайлуулах шугамтай, хэдэн жилийн эдэлгээ даахуйц зам тавимаар байна. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд зассан зам нь эвдэрч, замчдын чихнээс хонх уяж эхэлдэг. Харин замчид нь хөрөнгө мөнгө дутмаг, замын ажил хүнд, эвдэрч сүйрэхэд байгалийн хүчин зүйл ихээр нөлөөлдөг гэж өөрсдийгөө өмгөөлдөг.

ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬСАН КОМПАНИД Ч ЯМАР ХАРИУЦЛАГА ТОРГУУЛЬ НОГДУУЛДАГГҮЙ

Авто замын эвдрэлийн талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд профессор, зөвлөх инженер Р.Болормаагаас лавлахад "Монголд автозамын чанар хангалтгүй байгаа үндсэн шалтгаан бол хариуцлагын тогтолцоо муу байгаа асуудал юм. Автозамын байгууламжийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл болон чанарт хяналт тавих, зөвлөх, эцэст нь ашиглалтад хүлээх гээд энэ бүх үе шатанд хариуцлагын тогтолцоо алга. Монголын автозамын салбар эрчимтэй хөгжиж, шинэ техник, технологийг үндэсний компаниуд хангалттай сайн эзэмшиж, нэвтрүүлж байна.

Гэхдээ чанарын хариуцлагын тогтолцоо байхгүйгээс чанартай зам барьсан компанид ямар ч урамшуулал, дэмжлэг байхгүй, түүнчлэн чанаргүй зам барьсан компанид ч ямар хариуцлага торгууль ногдуулдаггүй. Энэ нь зам барилгын ажлын чанар буурах хандлагыг хавтгайруулж байна.

Чанар, гүйцэтгэлийг зохих ёсоор хянаснаар тухайн ажлыг цаг хугацаандаа, чанартай, зураг төслийнхөө дагуу хийдэг. Барилгын ажлын үе шат бүхэнд хяналт тавьж, зөвлөгөө өгч чанарыг хангуулах ёстой. Энэ үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох хэрэгтэй" гэлээ. 

"ХОТЫН ЗАМ ХАВАР, НАМРЫН УЛИРАЛД ХОТЫН ТАМ БОЛДОГ"

Ингээд тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн асуудлаар жолооч нарын байр суурийг сонирхлоо.

Иргэн Г.ЗОЛБАЯР: 

-Улаанбаатар хотын зам өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирсан. Гэвч сэргээн засварлалт нь маш муу. Зам засах нэрийдлээр энд тэндгүй том нүх ухна. Ингээд бороо орсны дараа ухсан нүхээ битүүлж, засах гэхээр өнөөх нь борооны усанд идэгдэж, төсөөлснөөс ч том болсон байдаг.  Нөгөө талаар туслах замуудын эвдрэл нь зохиомол түгжрэл үүсэх гол шалтаг болж байгаа юм. Тасганы овооны зам тааруухан, хөдөлгөөнд оролцоход түвэгтэй. Зам нь муу, цууралт нүхнээс болж машины эд анги эвдрэх гээд эдийн засгийн зардал их гардаг. Жил бүр заавал автомашины явах эд ангийг нь солиулах, засварлах шаардлагатай болж байна. Би "Prаdo 120" маркийн авто машинтай. Дөрвөн наклод, моторын тос, масло солиулахаар төлөвлөж байна.  Хотын зам ихэвчлэн хавар, намрын улиралд  зорчиход хүндрэлтэй, их бартаатай байдаг. Цас хайлсны дараа болон олон хоног үргэлжилсэн борооны дараа нүх дайрч орох тохиолдол их гардаг.

Иргэн А.УУГАНБААТАР: 

-Автомашины эвдрэл гэмтэл, явах эд анги ихэвчлэн хотын зам тааруухнаас болдог. Төв замаар зорчиход ямар ч асуудалгүй боловч захын хороолол болон хороолол дундын зам их муу. Үүнийг огт тоохгүй орхичихсон. Уг нь засварлах шаардлагатай. Хотын захад ч мөн адил амьдрал өрнөдөг шүү дээ.  Ер нь замын нүхнээс болж машинд эвдрэл гэмтэл гардаг.   Үүнээс болж  гупер, обудаа сэвтүүлэх, дугуй хавагнах,  явах эд анги, тэнхлэг тохиргоо нь алдагддаг. Ялангуяа бороо орсны дараа ийм асуудал байнга л тулгардаг. Миний хувьд "prius 20" маркийн машинтай болохоор тэнхлэг тохиргоо алдагдах нь их. Зам нь сайхан чанартай бол машинд ямар ч эвдрэл гарахгүй шүү дээ. 

Иргэн М.ЧИНЗОРИГ: 

-Замын нүх хаа сайгүй. Нөхөөс хийж байгаа харагддаг ч нэг зуны борооны ус даахгүй байна. Улам л гүнзгий болчихдог. Модны 2 орчмын голын замаар хөдөлгөөнд оролцоход энд тэндгүй ухаад хаясан нүхтэй таарна. Үүнээс болж суудлын тэрэг амархан эвдэрч гэмтдэг. Зам сайн бол машин эвдрэх нь бага шүү дээ. Зам муу учраас л машин эвдэрч байна. Машинд маань дуу орсон болохоор оношлуулахаар засварын төвд ирээд байна. Ер нь хавар, намрын улиралд хотын зам там болдог. Цас хайлах, борооны дараа нүхнүүд нь их гүнзгий болдог, түүнийг нь мэдэхгүй тойролгүй гарснаас болж "prius" автомашины хувьд  дугуй хавагнах, тэнхлэг тохиргоо алдагддаг. Засвар үйлчилгээнд дор хаяж л 100-200 мянган төгрөг зарцуулна. Энэ мэтчлэн зардал гардаг ч хохирлоо барагдуулах боломжгүй нь харамсалтай.

ЗАМ АШИГЛАЛТЫН ТӨЛБӨРИЙГ 5 ДАХИН НЭМСЭН Ч   ТЭР МӨНГӨ ЮУНД  ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА ВЭ?

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2019 оны арванхоёрдугаар сард авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү журам 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж  эхэлсэн. Өмнөх  20 мянган төгрөгийн төлбөр авто зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээнд зарцуулахад хүрэлцдэггүй учраас ийнхүү нэмсэн байдаг. 

 Ингэхдээ:

  • Албан ёсны такси үйлчилгээнд явдаг суудлын автомашин 150 мянган төгрөг,
  • Суудлын автомашин хэмжээнээс хамаарч 100 мянгаас 300 мянган төгрөг,
  • Нэг хүртэл тоннын даацтай ачааны автомашин 200 мянган төгрөг,
  • 2-10 тоннын даацтай ачааны автомашин 225 мянгаас 350 мянган төгрөг, 
  • Мотоцикл эзэмшигч 50 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлнө гэж журамласан.

Авто зам ашигласны татварыг  ийнхүү тав дахин нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэсэн үг.

Энэхүү мөнгөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, гэрлэн дохионы хэвийн ажиллагааг хангах, уулзвар, жолооч нарыг ая тухай зорчуулахад ашиглана гэсэн болов ч бодит байдал дээр "Мянгуужингийн үлгэр" болсон бололтой. 

Хотын төвөөс алсрах тусам  гэр хорооллын эгэл бор амьдрал улам тодорно. Энэ хооронд амьдарч буй хүмүүсийн амьдрал  өдөр, шөнө шиг ялгаатай.  Тиймээс  хотын удирдлагууд хотын захын  замын эвдрэл ямар байгааг нэг тольдооч, хотоо нэг тойрооч. Захын дүүргүүдээр явж замын эвдрэлийн нөхцөл байдал ямар байгааг нүдээр харахыг энэхүү сурвалжлагаараа дайя.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ NEWS.MN

Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
цааш үзэх
Уншиж байна ..